Хайж байна...

Европын Холбооны GreenTech Horizons төслийн Польшийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Share Button

МУИС-ийн Ректор, профессор Б.Очирхуяг Европын Холбооны ERASMUS+ хөтөлбөрийн санхүүжилттэй “GreenTech Horizons” (101177203 — ERASMUS-EDU-2024-CBHE) төслийн Польшийн төлөөлөгчид болох профессор, доктор Жоанна Вуйцик болон профессор, доктор Жоанна Швентонёвска нарыг хүлээн авч уулзлаа.

Польшийн талын төлөөлөгчид болох доктор, профессор Жоанна Вуйцик нь Green Tech Horizons төслийн Польш улсын зохицуулагч, танин мэдэхүйн шинжлэх ухаан ба математик загварчлалын тэнхимийн дэд эрхлэгч, цахим сургалтын албаны дарга бөгөөд доктор, профессор Жоанна Швентонёвска нь менежментийн сургуулийн декан, сургалтын хөгжлийн төвийн захирлаар ажилладаг юм.

Уулзалтад төслийн Монгол (МУИС) дахь хэрэгжилтийг удирдан зохион байгуулж буй МУИС-ийн профессор Н.Оюун-Эрдэнэ оролцож, төслийн хэрэгжилтийн явц, хүрсэн үр дүн, цаашдын төлөвлөгөөний талаар танилцуулав.

“GreenTech Horizons” төсөл нь хөрш зүүн бүс, Төв Ази болон Азийн орнуудад боловсрол, инновацаар дамжуулан ногоон болон дижитал шилжилтийг дэмжих зорилготой бөгөөд МУИС энэхүү олон улсын хамтын ажиллагааны төслийн идэвхтэй түнш байгууллагаар ажиллаж байна.

Төслийн хүрээнд МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургуульд 18,000 еврогийн санхүүжилт бүхий орчин үеийн сургалт, судалгааны лаборатори байгуулагдаж байна. Түүнчлэн ногоон болон дижитал шилжилтийн чиглэлээр сургалтын хөтөлбөрүүдийг шинэчлэх, багш нарыг чадавхжуулах, багш чиглүүлэн суралцах арга зүйг хөгжүүлэх, оюутнуудыг туршилтын (pilot) сургалтад хамруулах зэрэг олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа юм.

Айлчлалын үеэр Польшийн төлөөлөгчид төслийн хэрэгжилтийн явцтай танилцаж, МУИС-ийн удирдлага болон төслийн багийн гишүүдтэй цаашдын хамтын ажиллагаа, эрдэм шинжилгээ, инновацын чиглэлээр хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцон, нөхөрсөг яриа өрнүүлэв. Уулзалтын төгсгөлд талууд төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ногоон болон дижитал шилжилтийн чиглэлээр дээд боловсролын байгууллагуудын чадавхыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар