Хайж байна...

МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал Н.Батнасан GreenTech Horizons төслийн Польшийн төлөөлөгчидтэй хамтын ажиллагааны талаар санал солилцов

Share Button

МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал, профессор Н.Батнасан Европын Холбооны ERASMUS+ хөтөлбөрийн санхүүжилттэй “GreenTech Horizons” (101177203 — ERASMUS-EDU-2024-CBHE) төслийн Польшийн төлөөлөгчид болох Жешувын Мэдээллийн технологи ба менежментийн их сургуулийн профессор, доктор Жоанна Вуйцик болон профессор, доктор Жоанна Швентонёвска нарыг хүлээн авч уулзлаа.

 

Профессор, доктор Жоанна Вуйцик нь GreenTech Horizons төслийн Польш улсын зохицуулагч, Танин мэдэхүйн шинжлэх ухаан ба математик загварчлалын тэнхимийн дэд эрхлэгч, Цахим сургалтын албаны даргаар ажилладаг бол профессор, доктор Жоанна Швентонёвска нь Менежментийн сургуулийн декан, Сургалтын хөгжлийн төвийн захирлаар ажилладаг юм.

Уулзалтын үеэр талууд ногоон болон дижитал шилжилтийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов. Тухайлбал, сургалтын хөтөлбөрүүдийг шинэчлэх, цахим сургалтыг хөгжүүлэх, багш, оюутны солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажил өрнүүлэх, аж үйлдвэр-их сургуулийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улсын төсөл, хөтөлбөрүүдэд хамтран оролцох боломжуудын талаар ярилцав.

Мөн талууд ногоон болон дижитал шилжилтийн чиглэлээр хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, бизнесийн боловсролын агуулга, арга зүйг олон улсын чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэх, боловсрол, судалгаа, инновацын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд цаашид идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар