Эмгэнэл

Share Button

Багшийн багшийн багш, Монголын олон мянган хуульчдын багш, бидний мэдлэг боловсролд мөнхөрсөн хүндэт багш, эрдэмтэн, соён гэгээрүүлэгч, халамжлагч их ачтан, Эрэнцэнгийн Авирмид 91 насыг зооглоод 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр насан өөд болж, биднийгээ үүрд орхин бурхны оронд заларлаа. Багш маань их буян заяатай, уул мэт түшигтэй, уулын оргил лугаа холыг харсан, булгийн боргил мэт цэвэр нэр төртэй, өндөр боловсролтой, нэрт эрдэмтэн, алдар суутай сурган хүмүүжүүлэгч, олон хүнд эрдмийн жолоог атгуулсан их ачтан, тэр чигээрээ бидэндээ “Бурхан” байлаа. Та минь эх орондоо нам улс төрийн дээд сургууль, дэлхийд алдартай М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийг хуульч мэргэжлээр төгсөн улмаар докторантурт нь суралцан хууль зүйн ухааны доктор болсон эрдмээрээ биднийг манлайлсныг бахархан дуурсаж байна.

uvuu 1

Та 1960 оноос эхлэн эдүгээ хүртэл 50 гаруй жил багш, тэнхимийн эрхлэгч, зөвлөх багш, эрдмийн удирдагч, эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүнээр ажиллаж, оюутан шавь нартаа алдарт лекцээ тасралтгүй уншиж, зааж, сургаж бидэнтэйгээ хамт байсаар насан өндөрлөснийг бид хэзээ ч мартахгүй.  ОХУ-ын нэртэй эрдэмтэн Б.Шермет, М.И.Кукушкин, А.Плотнискс нарыг сургуульдаа урьж ажиллуулан лекц уншуулан, эрдмийн ажил удирдуулж, “Төрийн эрх зүй”, “Эрх зүйн онолын үндэс” зэрэг билгүүн олон бүтээлүүдээ туурвин бүтээснийг бид сайн мэдэх билээ. Тийм ч учраас ЗХУ-ын “Советская Большая энциклопедия ”–д Монгол оронд хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлж буй нэрт эрдэмтэн хэмээн үнэлсэн байдаг билээ. Энэ бүхнийхээ төлөө та “Монгол Улсын гавьяат хуульч” цолыг хүртсэн Монголын анхны хуульч эрдэмтэн болсонд сэтгэлийн дээдээр баярлан бахархаж явдаг шүү. Таны эрхэмсэг гэгээн үйл хэргийг үргэлжлүүлэн үүрд мөнхлөхөө бид андгайлж байна. Та бурхны орноос биднийгээ харж, ивээж яваарай. Таныгаа бид үүрд дуурсах болно.

Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль,

 Хуулийн их, дээд сургуулиудын холбоо

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар