МУИС болон Япон Улсын Тояама их сургууль хооронд оюутан солилцоо болон академик хамтын ажиллагааны санамж бичиг (MoU), хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслолын ажиллагаа болж өндөрлөлөө. 
Арга хэмжээнд МУИС-ийн талаас ректор, профессор Б.Очирхуяг, Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, профессор Ц.Баатарчулуун, Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн профессор Ц.Соёл-Эрдэнэ, Хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Г.Наргил нар оролцсон бол Тояама их сургуулийн талаас Гадаад харилцаа эрхэлсэн захирал, профессор Жин Жан, судлаач, докторант Б.Энх-Учрал нар байлцав.
Ректор Б.Очирхуяг үйл ажиллагааг нээж үг хэлэхдээ хоёр их сургуулийн өнөөгийн хамтын ажиллагаа, цаашдын хөгжлийн чиг хандлага, олон улсын түншлэлийг өргөжүүлэх ач холбогдлыг онцлон тэмдэглэв. Мөн профессор Жин Жан мэндчилгээ дэвшүүлж, Монгол, Японы дээд боловсрол, судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө байгаагаа илэрхийллээ.
Уулзалтын үеэр талууд оюутан, багш, судлаачдын солилцоо, эрдэм шинжилгээний хамтарсан үйл ажиллагаа болон цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцов. Тус хэлэлцүүлгээр хоёр их сургуулийн сургалт, судалгааны чиглэлүүдийн уялдаа холбоог өргөжүүлэх, олон улсын чанартай төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх асуудлыг авч хэлэлцлээ.

Гэрээний хүрээнд дараах үндсэн чиглэлүүдээр хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцов. Үүнд:
- Бакалавр, магистр, докторын түвшний оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх;
- Багш, судлаачдын академик солилцоо, хамтарсан судалгааны ажлыг өргөжүүлэх;
- Хамтарсан эрдэм шинжилгээний төсөл, судалгааны хөтөлбөр хэрэгжүүлэх;
- Олон улсын эрдэм шинжилгээний хурал, семинар, сургалт зохион байгуулах;
- Судалгааны үр дүн, эрдэм шинжилгээний мэдээлэл, туршлага солилцох;
- Инженерчлэл, байгаль орчин, ой судлал болон бусад харилцан сонирхсон чиглэлээр хамтарсан судалгаа хөгжүүлэх;
- Залуу судлаач, докторант бэлтгэх, эрдэм шинжилгээний чадавхыг бэхжүүлэхэд хамтран ажиллах зэрэг багтаж байна.
Энэхүү санамж бичиг, хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар МУИС-ийн оюутан, судлаачдад Япон улсын тэргүүлэх их сургуулиудын нэг болох Тояама их сургуульд суралцах, судалгаа хийх боломж нэмэгдэхийн зэрэгцээ хоёр байгууллагын олон улсын хамтын ажиллагаа, шинжлэх ухаан, инновацын чиглэл дэх түншлэл бодит үр дүнтэйгээр өргөжин хөгжих чухал суурь бүрдэж байна.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

