Ректор Б.Очирхуяг БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их Сургуулийн удирдлагын төлөөллийг хүлээн авч уулзан, хоёр их сургуулийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашдын хөгжлийн чиглэлээр санал солилцлоо.
Уулзалтаар багш, судлаач, оюутан солилцооны хөтөлбөрийг өргөжүүлэх, хамтарсан судалгаа хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг бэхжүүлэх, стратегийн түвшний түншлэлийг хөгжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, цаашид хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцов.
МУИС-ийн талаас ректор Б.Очирхуяг, Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Ц.Баатарчулуун, Төлөвлөлт, хөрөнгө оруулалт эрхэлсэн проректор Б.Даваасүрэн нар оролцсон бол Сөүлийн Үндэсний Их Сургуулийн талаас Төлөвлөлт хариуцсан гүйцэтгэх дэд захирал Ким Жүнги, Сургалтын асуудал хариуцсан дэд захирал Ан Донхван, Төлөвлөлт, зохицуулалтын асуудал хариуцсан дэд захирал Пак Вон Хо, Судалгааны асуудал хариуцсан дэд захирал И Жонсу нарын төлөөлөгчид хүрэлцэн ирэв.

Уулзалтын төгсгөлд талууд хоёр их сургуулийн хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэн хөгжүүлэхээ илэрхийллээ. МУИС болон Сөүлийн Үндэсний Их Сургууль нь боловсрол, судалгааны чиглэлээр олон жилийн хамтын ажиллагаатай бөгөөд 2026 оны долоодугаар сард хамтын ажиллагааны санамж бичиг болон оюутан солилцооны гэрээгээ 2031 он хүртэл сунгасан. Энэхүү уулзалт нь талуудын түншлэлийг шинэ шатанд гаргаж, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг эрэлхийлэхэд чухал ач холбогдолтой юм.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

