Олон жилийн үр өгөөжтэй түншлэл бүхий МУИС болон Нагоягийн Их Сургууль удирдлагын түвшний уулзалт зохион байгууллаа. Нагоягийн Их Сургууль нь МУИС-ийн чухал түншүүдийн нэг бөгөөд хоёр байгууллага олон жилийн турш боловсрол, судалгаа шинжилгээ, хүний нөөцийн хөгжил, оюутан болон багш солилцооны чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд олон монгол судлаач, мэргэжилтэн Нагоягийн Их Сургуульд суралцаж төгссөнөөс гадна хоёр талын хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний төсөл, хөтөлбөрүүд тогтмол хэрэгжиж байна.
Уулзалтын үеэр талууд академик солилцоог өргөжүүлэх, хамтарсан судалгааны шинэ чиглэлүүдийг хөгжүүлэх, оюутан, судлаачдын солилцоог нэмэгдүүлэх, мөн Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны сүлжээг бэхжүүлэх талаар санал солилцов. Онцгойлон хууль эрх зүй, хүрээлэн буй орчин, тогтвортой хөгжил, хүнс, хөдөө аж ахуй, боловсролын шинэчлэл, хиймэл оюун ухаан зэрэг чиглэлд хамтын ажиллагааг эрчимжүүлэх боломжуудыг хэлэлцсэн байна.
Энэхүү айлчлал нь Монгол Улсад зохион байгуулагдсан “Nagoya University Asia Academic Forum 2026” арга хэмжээний хүрээнд болсон бөгөөд тус форумыг Нагоягийн Их Сургууль, МУИС хамтран зохион байгуулсан юм. Форумд Монгол, Вьетнам, Камбож, Узбекистан, Филиппин зэрэг улсын их сургууль, судалгааны байгууллага, төгсөгчдийн холбоодын төлөөлөл оролцож, эрдэм шинжилгээ, боловсролын салбар дахь хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар хэлэлцэв.
Форумын хөтөлбөрийн хүрээнд Нагоягийн Их Сургуулийн захирал Сүгияама Наоши болон МУИС-ийн ректор Б.Очирхуяг нар Азийн бүс нутаг дахь дээд боловсролын хөгжил, их сургуулиудын олон улсын хамтын ажиллагааны ирээдүйн чиг хандлагын талаар үндсэн илтгэл тавьж, эрдэм шинжилгээ, инновац, мэдлэгийн солилцоонд суурилсан хамтын хөгжлийн талаар үзэл бодлоо хуваалцсан юм.

Уулзалтын төгсгөлд талууд олон жилийн түншлэлдээ тулгуурлан хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, Азийн бүс нутгийн их сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ.
МУИС, Нагоягийн Их Сургуулийн хамтын ажиллагаа нь зөвхөн хоёр байгууллагын харилцаагаар хязгаарлагдахгүй, харин Азийн орнуудын судлаачид, төгсөгчид, боловсролын байгууллагуудыг холбосон өргөн сүлжээг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгаа бөгөөд энэ удаагийн уулзалт нь тус түншлэлийн дараагийн шатны хөгжлийн суурийг тавьсан онцлох үйл явдал боллоо.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

