Монгол Улсын Их Сургууль болон Бадрах-Энержи ХХК нь 2023 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаас хойш боловсрол, сургалт, хүний нөөцийн хөгжилд чиглэсэн олон ажлыг хамтран хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулагддаг “Геологи”, “Экологи”-ийн олимпиадыг ивээн тэтгэхээс гадна “Газар доор уусган олборлох технологи” сургалтыг хаврын улиралд гурван жил дараалан зохион байгуулсан.
Хамтын ажиллагааны санамж бичгийн хугацаа энэ онд дуусгавар болж буйтай холбогдуулан цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэл, хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар хэлэлцэх уулзалт Бадрах-Энержи ХХК болон Орано Майнинг Коллеж-ийн төлөөлөгчдийн оролцоотойгоор МУИС-д боллоо.


Уулзалтад Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Ц.Баатарчулуун, Хамтын ажиллагааны газрын дарга Ш.Мэндбаяр, Хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Бадмаанямбуу, Шинжлэх ухааны сургуулийн Геологи, геофизикийн тэнхимийн эрхлэгч Н.Байгальмаа, ахлах багш Б.Даариймаа, Инженер, технологийн сургуулийн дэд профессор Ц.Төгсөө нар оролцов.

Талууд өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн хамтарсан ажлуудыг үр дүнтэй, амжилттай хэрэгжсэн гэж дүгнэж, цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээр санал нэгдэв. Үүнд мэргэжлийн чиглэлийн оюутнуудыг үйлдвэрлэлийн болон танилцах дадлагад тогтмол хамруулах, оюутны олимпиадыг үргэлжлүүлэн дэмжихийн зэрэгцээ МУИС-ийн хичээлийн II байрны нэг лекцийн танхимыг “Бадрах-Энержи ХХК-ийн нэрэмжит танхим” болгон иж бүрэн тохижуулах, мөн МУИС-ийн зарим мэргэжлийн хөтөлбөрийн оюутнуудад зориулсан “Бадрах-Энержи ХХК-ийн нэрэмжит тэтгэлэг” бий болгон хамтран хэрэгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ.

