Хайж байна...

БНХАУ-ын Нийгмийн шинжлэх ухааны академийн их сургуультай санамж бичиг байгууллаа

Share Button

Монгол Улсын Их Сургууль, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Нийгмийн шинжлэх ухааны академийн их сургуультай (НШУАИС) Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичигт МУИС-ийн ректор Б.Очирхуяг, НШУАИС-ийн Хятадын Коммунист Намын хорооны нарийн бичгийн дарга Сюй Жиньчэн нар гарын үсэг зурав.

НШУАИС-ийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд НШУАИС-ийн Судалгааны хэлтсийн захирал, Эдийн засгийн сургуулийн эрхлэгч профессор Жан Тао, Дэлхий болон бүс нутаг судлалын сургуулийн эрхлэгч профессор Ван Хуа, Олон улсын солилцоо, хамтын ажиллагааны газрын захирал Ли Ти болон тус газрын хөтөлбөрийн зохицуулагч Ши Жиаяо нар багтан хоёр байгууллагын хооронд хамтын ажиллагааны боломжийг хөгжүүлэх талаар санал солилцлоо.

МУИС-ийн талаас ректор Б.Очирхуяг, Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Ц.Баатарчулуун, ШУС-ийн НУС хариуцсан дэд захирал Ч.Тамир, Хамтын ажиллагааны газрын дарга Ш.Мэндбаяр нар уулзалтад оролцов. Талууд МУИС болон НШУАИС-ийн талаар танилцуулга хийж, хоёр улсын сургалт судалгааны Тинк Танк байгууллагуудын хувьд хүмүүнлэг, нийгмийн ухааны салбар дахь тухайлбал археологи, түүх, эдийн засаг, олон улсын харилцааны чиглэлээр  өндөр түвшний хамтарсан сургалт, судалгааны ажил хэрэгжүүлэх бүрэн боломжтой тал дээр санал нэгдэв.

МУИС болон НШУАИС нь багш, оюутны солилцоог өргөжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллах боломжийг судлах, магистр, докторын түвшний оюутан солилцох зэрэг чиглэлээр хамтран ажиллах бөгөөд талуудын хамтын ажиллагааг цаашид таван жилийн хугацаанд энэхүү Санамж бичгийн хүрээнд өргөжүүлэн хөгжүүлэх юм.

Уулзалтын үеэр МУИС-ийн ректор Б.Очирхуяг “БНХАУ-ын тэргүүлэх судалгааны их сургуулиудын нэг болох НШУАИС-тай хамтын ажиллагаагаа эхлүүлж байгаад баяртай байна. Энэхүү санамж бичиг нь хоёр орны хүмүүнлэг, нийгмийн ухааны салбарын эрдэм шинжилгээ, судалгааны харилцааг өргөжүүлэхийн зэрэгцээ багш, оюутнуудын академик солилцоо, мэдлэг, туршлагаа хуваалцах шинэ боломжийг нээж өгнө гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.

Түүнчлэн Намын хорооны нарийн бичгийн дарга Сюй Жиньчэн философи, улс төр, эдийн засгийн чиглэлээр эх орондоо төдийгүй дэлхийд нэр хүнд бүхий профессоруудыг МУИС-д урьж лекц, сургалт явуулах бүрэн боломжтой талаар мэдээлэл өглөө.

University of Chinese Academy of Social Sciences (UCASS) буюу БНХАУ-ын Нийгмийн шинжлэх ухааны академийн их сургууль нь Хятадын нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны хамгийн нэр хүндтэй судалгааны их сургуулиудын нэг юм. Тус сургууль нь БНХАУ-ын Нийгмийн шинжлэх ухааны академи (Chinese Academy of Social Sciences – CASS)-ийн шууд харьяанд ажилладаг бөгөөд философи, эдийн засаг, хууль, олон улсын харилцаа, түүх, хэл шинжлэл зэрэг салбарт Хятадын тэргүүлэх судалгааны төвүүдтэй нягт уялдсан сургалт, судалгааны тогтолцоотой. 2017 онд өнөөгийн бүтэцтэйгээр байгуулагдсан бөгөөд суурь нь 1978 онд байгуулагдсан CASS-ийн ахисан түвшний сургууль юм. UCASS нь Нийгмийн шинжлэх ухааны хамгийн шилдэг судалгааны байгууллагын их сургууль бөгөөд төрийн бодлого боловсруулах судалгаанд оролцдог, докторын боловсролоор хятадын тэргүүлэх сургуулиудын нэг юм.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар