МУИС-ийн Хууль зүйн сургууль, Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Тус санамж бичгийн хүрээнд талууд эрдэм шинжилгээ, онол практикийн хурал, хэлэлцүүлэг болон өмгөөлөгчдийг эрх зүйн тодорхой чиглэлээр мэргэшүүлэх сургалтыг хамтран зохион байгуулах, мөн оюутнуудын онолын мэдлэгийг практикт бататгах, мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх, дадлагажуулах болон бусад асуудлаар хамтран ажиллахаар боллоо.

Уулзалтад МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа, Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвийн эрхлэгч С.Болормаа, Практик сургалтын төвийн Гэрээт дэд профессор З.Сүхбаатар, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров, МӨХ-ны Мэргэшлийн хорооны дарга Д.Батсүх, Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Б.Солонго, МӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Батзоригт, МӨХ-ны гишүүн, өмгөөлөгч Б.Мөнхбат, МӨХ-ны Хороо хариуцсан мэргэжилтэн С.Бямбахишиг нар оролцож эрх зүйн боловсролыг хөгжүүлэх, онол практикийн уялдааг хангах, практик сургалтын боломжийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр хамтран цаашид хамтран хэрэгжүүлэх боломжтой ажил, арга хэмжээний талаар санал солилцов.

Энэхүү хамтын ажиллагаа нь онолын мэдлэгийг практик ур чадвартай хослуулсан, мэргэжлийн ёс зүй, ур чадварыг эрхэмлэсэн хуульчдыг бэлтгэхэд чухал ач холбогдолтой юм.

