Монгол Улсын Их Сургуулийн 1956 оны Физик-Математикийн ангийн төгсөгч, Монгол Улсын Гавьяат багш Ж.Түмэнжаргалыг МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг хүлээн авч уулзлаа.


Монгол Улсын Гавьяат багш Ж.Түмэнжаргал нь Монголын боловсрол, орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд 1973–1990 онд Ховд аймгийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд 1979 онд Ховд дахь Багшийн дээд сургуулийг үүсгэн байгуулах санаачилга гарган, СнЗ-ын тогтоол гарч тус сургуулийг үүсгэн байгуулсан нь өнөөдөр МУИС-ийн Баруун бүсийн сургууль болон өргөжин хөгжиж байна.

Монгол Улсын Гавьяат багш Ж.Түмэнжаргал МУИС-ийн төгсөгчийн хувьд төрөлх сургуульдаа үргэлж талархдагаа илэрхийлж, оюутан ахуйн дурсамж, Ховд дахь Багшийн дээд сургуулийг үүсгэн байгуулах санаачилга гаргаж, хичээлийн байр зэргийг хэрхэн зохион байгуулж байсан талаараа хуучлан өөрийн бичсэн ном, дурсгалын зүйлийг МУИС-д дурсгав.

Уулзалтад 1979 онд Ховд дахь Багшийн дээд сургууль байгуулагдахад анхны захирлаар томилогдон ажиллаж байсан Монгол Улсын Ардын багш Н.Жадамба, Монгол Улсын Ардын багш, МУИС-ийн Эмерит профессор Т.Гун-Аажав нар оролцсон юм.
МУИС-ийн ректор Б.Очирхуяг анхны төгсөгчдийн нэг Монгол Улсын Улсын Гавьяат багш Ж.Түмэнжаргал болон ахмад багш нартаа талархал илэрхийлж, ирэх жил тохиож буй МУИС-ийн 85 жилийн ойн үйл ажиллагаанд оролцохыг урин, эрүүл энх, сайн сайхныг хүслээ.

