Хайж байна...

GREENFUTURE төслийн хүрээнд “Дээд боловсролын тогтвортой хөгжил ба ногоон ирээдүй” олон улсын хурал зохион байгуулагдлаа

Share Button

Европын Холбооны Erasmus+ хөтөлбөрийн санхүүжилттэй GREENFUTURE төслийн хүрээнд “МОНГОЛЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ ҮНЭЛЭХ ҮЗҮҮЛЭЛТҮҮД” сэдэвт олон улсын хурал 2026 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.

Тус хурал нь Монгол Улсын их, дээд сургуулиудын тогтвортой хөгжлийг дэмжих, байгаль орчин, нийгэм, засаглалын (ESG) шалгуур үзүүлэлтийг дээд боловсролын байгууллагын хөгжлийн үнэлгээнд нэвтрүүлэх, ногоон шилжилт болон тогтвортой хөгжлийн бодлогыг боловсролын салбарт хэрэгжүүлэх боломжийг хэлэлцэх зорилготой байв.

Хуралд Монгол Улсын Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Монголын их, дээд сургуулиуд, Европын Холбооны түнш байгууллагуудын төлөөлөл, судлаачид, эрдэмтэн багш нар оролцож, дээд боловсролын байгууллагын тогтвортой хөгжлийн бодлого, үнэлгээний аргачлал, олон улсын сайн туршлагын талаар санал солилцлоо.

Ногоон шилжилт ба дээд боловсролын тогтвортой хөгжил

Хурлын нээлтэд Монгол Улсын Боловсролын яамны төлөөлөл үг хэлж, дээд боловсролын салбарын хөгжилд тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, ногоон шилжилт, байгаль орчны хариуцлагын ач холбогдлыг онцоллоо.

Мөн GREENFUTURE төслийн зохицуулагч, Испанийн Валенсийн Политехникийн их сургуулийн төлөөлөгч профессор Хавьер Родриго Ильярри төслийн зорилго, хэрэгжилтийн талаар танилцуулсан юм.

Хурлын үеэр дараах үндсэн сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлэв. Үүнд:

  • Эрчим хүчний үр ашиг, хиймэл оюун ухаан болон ногоон хөгжлийн уялдаа;
  • Европын Холбооны байгаль орчны бодлого, нөөцийн үр ашигтай эдийн засгийн стратеги;
  • Дээд боловсролын байгууллагын ногоон хөгжлийн үзүүлэлт, үнэлгээний аргачлал;
  • Дээд боловсролын байгууллагын тогтвортой хөгжлийн бодлого;
  • Байгаль орчин, нийгэм, засаглалын (ESG) шалгуур үзүүлэлтийг их сургуулийн хөгжлийн үнэлгээнд нэгтгэх нь;
  • Их сургуулийн тогтвортой байдлыг үнэлэх олон улсын туршлага, ногоон их сургуулийн эрэмбийн тогтолцоо;
  • Оюутны төсөл, санаачилгыг тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулах боломж.

Түүнчлэн Германы Миттелстандын Хэрэглээний Шинжлэх Ухааны Их Сургууль болон Италийн Женоагийн их сургуулийн төлөөлөгчид Европын их, дээд сургуулиудын тогтвортой хөгжлийн бодлого, сайн туршлагыг танилцуулж, Монголын нөхцөлд хэрэгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ.

МУИС-ийн Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Д. Алтансүх “Дээд боловсролын байгууллагуудын тогтвортой хөгжлийн бодлого” сэдвээр илтгэл тавьж, их сургуулийн хөгжлийн бодлого, тогтвортой байдлын зорилт, байгууллагын үйл ажиллагааны уялдаа холбооны талаар танилцуулсан юм.

Хурлын оролцогчид Монголын болон Европын их дээд сургуулиудын их, дээд сургуулиудын эрэмбийн тогтолцоо, тогтвортой хөгжлийн үнэлгээний аргачлал, ногоон их сургуулийн үзүүлэлтийг хөгжүүлэх талаар санал солилцлоо.

Тогтвортой хөгжлийн бодлогыг их сургуулийн стратеги төлөвлөлт, сургалт, судалгаа, нийгмийн хариуцлага, засаглал болон өдөр тутмын үйл ажиллагаатай уялдуулах нь дээд боловсролын байгууллагын урт хугацааны хөгжлийг хангах чухал нөхцөл гэдэгтэй хурлын оролцогчид санал нэгдлээ.

GREENFUTURE төслийн ач холбогдол

GREENFUTURE төсөл нь Европын Холбооны Erasmus+ хөтөлбөрийн Дээд боловсролын чадавхыг бэхжүүлэх (Erasmus+ CBHE, Strand 3) чиглэлийн санхүүжилтээр хэрэгжиж буй бөгөөд 2025 оны 11 дүгээр сарын 1-нээс 2028 оны 10 дугаар сарын 31 хүртэл 36 сарын хугацаанд хэрэгжинэ.

Төслийн хүрээнд Монголын их, дээд сургуулиудын тогтвортой хөгжил, байгаль орчны хариуцлага, ногоон шилжилтийг дэмжих, тогтвортой байдлын үзүүлэлтүүдийг үнэлэх аргачлалыг хөгжүүлэх, Европын их, дээд сургуулиудын туршлагыг Монголын дээд боловсролын салбарт нэвтрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Төслийн удирдагч:

  1. Испани Улсын Валенсиагийн Политехникийн их сургууль

Европын Холбооны гишүүн байгууллагууд:

  1. Итали Улсын Женовагийн их сургууль
  2. Герман Улсын Хэрэглээний шинжлэх ухааны их сургууль
  3. Итали Улсын Аюулгүй байдал ба эрх чөлөө ТББ

Монголын гишүүн байгууллагууд:

  1. Боловсролын яам
  2. Боловсролын үнэлгээний төв
  3. Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
  4. Монгол Улсын Их Сургууль
  5. Хөдөө аж ахуйн их сургууль (Бүсийн зохицуулагч)
  6. Шинжлэх ухаан, технологийн их сургууль
  7. Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль
  8. Боловсролын чанарын судалгааны хүрээлэн ТББ

Энэхүү олон улсын хурал нь Монголын болон Европын их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тогтвортой хөгжлийн бодлого, үнэлгээний аргачлалын талаар мэдлэг, туршлага солилцох, ногоон хөгжлийн чиглэлээр цаашдын хамтын ажиллагааны боломжийг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.

Монгол Улсын Их Сургууль нь тогтвортой хөгжлийн зарчмыг сургалт, судалгаа, инновац, нийгмийн оролцоо болон их сургуулийн засаглалтай уялдуулан хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагаагаар дамжуулан дээд боловсролын салбарын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахыг зорьж байна.

Мэдэгдэл

Энэхүү нийтлэлийг бэлтгэн гаргахад Европын Холбооноос дэмжлэг үзүүлсэн бөгөөд үүнд дурдагдсан аливаа бичвэр нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодлыг илэрхийлнэ. Энэ бичвэрт дурдсан аливаа агуулга, үзэл санаа нь Европын Холбоо эсвэл Европын Боловсрол, Соёлын Гүйцэтгэх Агентлагийн (EACEA)  албан ёсны байр суурийг төлөөлөхгүй бөгөөд хариуцлага хүлээхгүй болно. GREEN FUTURE төсөл нь Европын Холбооны Erasmus+ CBHE Strand 3 хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжиж байна.

DISCLAIMER

This publication has been prepared with the financial support of the European Union. The contents of this publication are the sole responsibility of the authors and do not necessarily reflect the views of the European Union or the European Education and Culture Executive Agency (EACEA). Neither the European Union nor EACEA can be held responsible for any use that may be made of the information contained herein. The GREEN FUTURE project is funded under the Erasmus+ CBHE Strand 3 Programme of the European Union.

ТӨСЛИЙН БАГ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар