МУИС-ийн Ректор Б.Очирхуяг Бүгд Найрамдах Турк Улсын Хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг (ТИКА)-ийн Улаанбаатар хот дахь Хөтөлбөр зохицуулалтын газрын дарга Али Курт, дэд дарга Өзгүр Юусуф Йылдырым нарыг хүлээн авч уулзлаа.

Талууд МУИС болон ТИКА олон жилийн турш амжилттай хамтран ажиллаж ирснийг онцлоод, цаашид хамтын ажиллагаагаа шинэ чиглэл, салбарт өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов. Тухайлбал, МУИС-ийн Олон улс, орон судлал (Турк) хөтөлбөрийг хөгжүүлэхэд хоёр байгууллагын хамтын ажиллагаа, дэмжлэг чухал болохыг тэмдэглэв.

Мөн МУИС нь Бүгд Найрамдах Турк Улсын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр, тэр дундаа хэл, түүх, соёл, археологи, антропологийн салбарт идэвхтэй хамтран ажиллаж байгааг онцоллоо. Энэ нь хоёр орны боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагаа үр дүнтэй хөгжиж буйн илрэл юм.
Уулзалтын үеэр талууд цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагааны чиглэл, шинэ санал, санаачилгын талаар харилцан санал солилцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо.

Туркийн Хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг (TİKA) нь 1992 онд байгуулагдсан, БНТУ-ын олон улсын хөгжлийн хамтын ажиллагааг хэрэгжүүлэгч төрийн байгууллага юм. Анх Төв Азийн шинээр тусгаар тогтносон улс орнуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор байгуулагдсан бөгөөд өдгөө дэлхийн таван тивийн 170 гаруй улсад хөгжлийн хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Тус байгууллага нь боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, мэргэжлийн боловсрол, нийгэм, эдийн засгийн дэд бүтэц, соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах, усан хангамж, эмэгтэйчүүдийн эрх мэдэл, чадавхыг бэхжүүлэх зэрэг өргөн хүрээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Мөн төрийн байгууллага, их дээд сургууль, орон нутгийн захиргаа болон иргэний нийгмийн байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, Туркийн туршлага, мэдлэгийг түнш орнуудтай хуваалцахад чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг.
2026 оны байдлаар TİKA нь дэлхийн 170 гаруй улсад нийт 33,000 гаруй төсөл, үйл ажиллагаа хэрэгжүүлсэн бөгөөд 61 улсад 63 Хөтөлбөрийн зохицуулалтын газартай ажиллаж байна. Монгол Улс нь тус байгууллагын үйл ажиллагаа хэрэгжүүлдэг орнуудын нэг бөгөөд Улаанбаатар хотод Хөтөлбөрийн зохицуулалтын газартай.
Албан ёсны цахим хуудас: www.tika.gov.tr
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

