Багш Б.Оюунсанаа ХБНГУ-д докторын зэрэг хамгааллаа

Share Button

Биологи, Биотехнологийн сургуулийн Ой судлалын тэнхимийн багш Бямбасүрэнгийн Оюунсанаа энэ зун  ХБНГУ-ын Гөттингений Их Сургуульд “Fire and stand dynamics in different forest types of the West Khentey Mountains, Mongolia” сэдвээр Биологийн ухааны доктор (Dr. rer. nat.)-ын зэрэг амжилттай хамгааллаа.

2000 оны МУИС-ийн төгсөгч, ой зүйч мэргэжилтэй тэрээр  Хан Хэнтийн Тусгай Хамгаалалттай Газрын шинэсэн ойн моддын хөндлөн өсөлтийн судалгааны ажил хийж Биологийн ухааны магистр зэрэг хамгаалж, 2006 оноос МУИС-ийн Биологийн факультетийн Ой судлалын тэнхимд багшаар ажиллаж байна.

Доктор Б.Оюунсанаа нь модны цагираг судлал, ойн хөдлөл зүй, ойн түймрийн экологийн чиглэлээр судалгаа хийдэг ба өмнө Япон, АНУ, Швейцари зэрэг улсад мэргэжил дээшлүүлж байсан. Тэрээр одоо ХБНГУ-ийн Фрайбургийн Их Сургуулийн Дэлхийн түймрийн мониторингийн төв (Global Fire Monitoring Center)-д докторын дараахь судалгааны ажил хийж байна.

Доктор Б.Оюунсанаадаа ББС-ийн хамт олны өмнөөс баяр хүргэж, цаашдын эрдэм ном, судалгаа шинжилгээний ажилд нь амжилт хүсч, сайн сайхныг ерөөе.

 Биологи, Биотехнологийн сургуулийн хамт олон

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар