“Дэлхийн байгаль орчны өдөр”-ийг Монгол улсад тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд өчигдөр Төрийн ордонд НОГООН ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН-ыг зохион байгуулсан юм. Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж чуулганыг нээсэн бөгөөд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн захирал Аким Штейнэр, Япон улсын Байгаль орчны дэд сайд Тэцүда Яацу, ЕСБХБ-ны Байгаль орчин ба тогтвортой байдлын газрын гүйцэтгэх захирал Алистар Кларк нар уригдан оролцсон юм.
Чуулган Ногоон хөгжил: Олон улсын туршлага ба үндэсний загвар, Ирээдүйн монгол: Тогтвортой хөгжлийн 10 жилийн судалгаа хөтөлвөр, Тогтвортой хөгжлийн боловсрол гэсэн гурван салбараар хуралдаан болон, үдээс хойш нэгдсэн хуралдаанаар Монгол улсын “Ногоон соёл иргэншил”-ийн үндэсний стратегийн танилцуулга, хэлэлцүүлэг явагдсан юм.
Энэхүү стратегийг боловсруулахад МУИС-ийн Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, доктор И.Бямбахүү, ЭЗС-ийн багш доктор А.Солонго нар зөвлөхөөр оролцсон бөгөөд хуралдааны үеэр “Ногоон эдийн засаг ба санхүүжилт” , “Нийгмийн тэгш байдал ба хүний хөгжил” сэдэвт илтгэлийг тус тус тавьж хэлэлцүүллээ.