Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, ноён Такүо Кидокоро 9-р сарын 1-ний өдөр МУИС-ийн Олон Улсын Харилцааны сургуулийн хүндэт доктор хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртлээ. Эрхэм элчин сайдад цол өргөмжлөх ёслолын ажиллагаанд МУИС-ийн болон ОУХС-ийн удридлагууд, Гадаад хэргийн яам болон Япон ЭСЯ-ны албаны төлөөлөгчид, эрдэмтэн багш, оюутнууд оролцов.
Ази номхон далайн орнуудын энх тайван байдлыг бэхжүүлэх, Монгол Япон хоёр улсын хамтын ажиллагааг, найрамдалт олон талт харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн олгож байгаа энэхүү цолыг хүлээн авсандаа ноён элчин сайд Такүо Кидокоро туйлын сэтгэл өндөр байгаагаа илэрхийллээ. Мөн тэрээр анх Монгол улстай хэрхэн холбогдож байсан, хоёр орны гадаад хамтын ажиллагаа хэрхэн өрнөж ирсэн болон өнөөгийн Монгол улсын гадаад бодлогын чиг хандлагын тухай өөрийн ажил амьдралын туршлагаасаа хуваалцсан, баялаг түүх хүүрнэсэн энгийн атлаа сонирхолтой лекц уншсан юм.
Төрсөн өдрөөрөө МУИС хэмээх айлд бүл нэмэн, гишүүн болсон Кидокоро 1969 онд Токиогийн Гадаад хэлний Их сургуулийн монгол хэлний ангийг дүүргэжээ. Тэрээр 1973 онд Монголд Японы ЭСЯ анх байгуулагдахад нь 2-р нарийн бичгийн даргаар, 1994 онд Монгол дахь Японы ЭСЯ-нд зөвлөхөөр ажиллаж байсан ба 2009 оноос Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдон ирж, хоёр орны гадаад харилцааг стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэн бэхжүүлэхэд өндөр хувь нэмрээ оруулсаар байгаа билээ.
АНУ-ын Чикаго, ОХУ-ын Санкт-Петербург дахь Японы Ерөнхий консулын газарт консул болон ерөнхий консулаар тус тус ажиллаж байсан эрхэмсэг элчин сайд Кидокорогийн хөдөө аж ахуйн чиглэлд анх санаачилсан “Өвсний үндэс” төсөл хэрэгжиж эхэлснээс хойш Монгол орны өнцөг булан бүрт 22 жилийн турш үр шимээ өгсөөр байна.