МУИС Хууль зүйн сургуулийн дээвэр нурж оюутан хүнд бэртэл авчээ гэх ташаа мэдээлэл хэвлэл мэдээлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж иргэд буруу мэдээлэл авах боллоо. Иймд МУИС-ийн хэвлэл мэдээллээс дээрх мэдээллийн үнэн бодит мэдээллийг нийтлэн хүргэж байна.
Болсон үйл явдал: “2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 14.20 минутад Хуулийн сургуулийн номын сангийн таазны шохойн барьцалдах чанар муудаж ховхорч унасны улмаас дүүжин тааз Хуулийн сургуулийн Эрх зүйн ангийн 2-р ангийн оюутан Х.Баасанжаргалын толгойн тус газар унаж хөнгөн бэртэл авсан. /Тухайн үед Х.Баасанжаргал дүүжин таазнаас холдож амжсан юм./ Бэртэл авсан Х.Баасанжаргалын хамаатан болох төрсөн ахыг дуудаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлсэн. Сургуулийн удирдлагууд нэн даруй түргэн тусламж /103/-ийг дуудаж анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлсэн бөгөөд түргэн тусламжийн эмч Х.Баасанжаргалыг хөнгөн бэртэлтэй хэмээн оношлосон. Тэр даруй Гэмтэл согог үндэсний төвд очиж тархины томографи зургийг авхуулсан. Үүний дараа 2013 оны 10 дугаар сарын 05-ний өдөр сургуулийн харгалзах багшийн хамтаар Х.Баасанжаргалыг Гэмтэл согог үндэсний төвд дахин тархины томографи оношлогоонд оруулсан бөгөөд оношлогооны хариу хөнгөн бэртэл гэж гарсан юм. Улмаар сургуулийн удирдлагууд Х.Баасанжаргалд эмчилгээний урсгал зардал гэж 130.000 мянган төгрөг, эмчилгээний зардал гэж 300.000 мянган төгрөг өгсөн”
Үйл явдал ингэж өрнөсөн төдийгүй сургуулийн удирдлагууд дээрх гэнэтийн осолд цаг алдалгүй тусламж үйлчилгээг үзүүлсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр МУИС ХЗС-ийн дээвэр унаж оюутан хүнд бэртэл авлаа гэсэн мэдээлэл ташаа төдийгүй дээвэр нураагүй агаад таазны шохойн барьцалдах чанар муудсаны улмаас шавар ховхорч дүүжин тааз унасан юм. 2013-оны 10 дугаар сарын 04-ний өдөр дээрх үйл явдал болсон болно. Улмаар МУИС-ийн Барилгын инженер Д.Оюунтогтохоос барилгын насжилт, яагаад тааз нурсан талаар тодрууллаа.
Д.Оюунтогтох: Он удаан жилийн ашиглалтын явцаас үүдэж барилгын таазны шавар суларч унасан
Барилга хэдэн онд баригдсан бэ?
– Энэ барилга 1953 баригдсан модон хучилттай барилга. Тухайн үеийн барилга нь шохойн зуурмагаар шаварддаг байсан. Манай сургууль мөн адил энэ шохойн зуурмагаар хийгдсэн байдаг.
Таазны шохой юунаас үүдэж унасан бэ?
– Шаврын зузаан нь 2-3 см-ийн зузаантай. Он удаан жилийн ашиглалтын явцаас үүдэж барилгын таазны шавар суларч унасан. Таазны модон накат нь хуучирч муудсан зүйлгүй. Шохойн зуурмагын марк багасаж барьцалдах чанар муудсаны улмаас 1 метр радиусын газар таазны шавар шохой унасан юм.
Хэзээ завсар хийж дуусгах вэ?
– Бид 2-3 хоногийн хугацаанд засварын ажлыг хийж гүйцэтгэж дуусгана. Засварын хөрөнгө мөнгийг шийдсэн байгаа.