Зүүн хойд Азийн эдийн засгийн форумын дэд захирал ноён T.Wesley Park-д МУИС-ийн ОУХС-ийн “Хүндэт Доктор” цол өргөмжлөл олгох ёслолын ажиллагаа өнөөдөр болж өнгөрлөө.
Энэхүү ёслолын арга хэмжээг нээж ОУХС-ийн захирал Л.Дорждэрэм үг хэлсэн бөгөөд хуралд Монгол улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Б.Ганболд, ЗХА-ийн эдийн засгийн форумын захирал доктор ноён Lee Jay Cho, ЗХА-ийн эдийн засгийн форумын дэд захирал ноён Wesley Park, ГХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дэд захирал Д.Баярхүү болон Монгол-Азийн Номхон далайн институтын гүйцэтгэх захирал З.Батболд нар Ноён T.Wesley Park-д МУИС-ийн ОУХС-ийн “Хүндэт Доктор” цолыг гардуулан өглөө.
Тэрээр сэтгэл хангалуун байгаагаа энэ үеэр хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид болон оюутан залууст дуулгасны сацуу ОУХС-ийн IV курсын оюутан Д.Баттөр болон II курсын оюутан Б.Билгүүн нарт хүндэт докторын тэтгэлэг гардуулан өгч хичээл сурлагад нь амжилт хүссэн юм.
Хүндэт докторын цол гардуулах ёслолын дараа хоёр тал хамтран ажиллах “Санамж бичигт” гарын үсэг зурсан юм. Санамж бичигт ОУХС-ийн захирал Л.Дорждэрэм, ЗХА-ийн Эдийн засгийн форумын захирал доктор Lee Jay Cho нар байлцаж хамтран ажиллах гэрээг үзэглэсэн юм.
Энэхүү санамж бичиг нь МУИС-ийн ОУХС, ЗХА-ийн эдийн засгийн форумын хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар бөгөөд хоёр байгууллагын хоорондын харилцааг тогтоох, олон улсын харилцаа, тэр дундаа Зүүн хойд Азийн бүс нутгийн улс орнуудын харилцааг судлахад хамтран ажиллах багш, судлаач нарыг харилцан туршлага судлах, солилцооны хөтөлбөрт хамруулах зэрэг чухал ач холбогдолтой юм. Цаашид хоёр талын хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжинө гэдэгт найдаж буйгаа хоёр талын төлөөлөл хэллээ.