Манай сургуулийн “Монгол донж” хамтлагийн авьяаслаг оюутнууд маань БНСУ-ын Пусан хотод болсон Олон улсын Оюутны бүжгийн тэмцээнд амжилттай оролцоод ирлээ. Улмаар “Монгол донж” хамтлагийн авьслаг оюутан залуустай хэдэн хором ярилцаж тэмцээний талаар сонирхолоо.
– “Монгол Донж” хамтлаг Бүгд Найрамдах Солонгос улсад болсон Олон улсын оюутны бүжгийн тэмцээнд амжилттай оролцоод ирлээ. Тэмцээнд хэдэн баг оролцсон бэ?
НШУС-ийн ОУСЗ 2-р курсын оюутан У.Басбиш: БНСУ-ын Пусан хотод болсон Олон улсын оюутны бүжгийн тэмцээнд оролцоод ирсэн. Энэ тэмцээнд манай улсаас анх удаа оролцсон бөгөөд 19 хүний бүрэлдэхүүнтэй оролцож Хүрэл медалийн эзэд болсон. Нийт 50 гаруй орнуудын оюутнууд энэхүү тэмцээнд оролцож авьяас мэргэнээ сорьсон байгаа.
– “Монгол Донж” хамтлагийг хэрхэн бүрдүүлсэн, бүжиг дэглэлтээ хаана хийж байсан бэ?
ХЗС 2 курсын оюутан М.Ариунбаяр: Бидэнд энэхүү саналыг Оюутанд үйлчлэх төвийн эрхлэгч Б.Энхжаргал эгч тавьж байсан. Шалгаруулалт МУИС-ийн нийт бүжиглэдэг оюутнуудын дунд явагдсан. Шалгаруулалтаас нийт 17 хүүхдийг шалгаруулан авч 06 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн Нийслэлийн Улаанбаатар чуулгатай хамтран бүжгийн бэлтгэлээ хийж эхэлсэн. Бүжгийн ерөнхий дэглэлтээр Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан н.Энхгэрэл багш маань ажилласан. Түүнчлэн БНСУ-руу удирдаж авч явсан багш маань Улаанбаатар чуулгын бүжиг дэглээч н.Баярт багш байсан.
– 50 гаруй орны мэргэжлийн оюутнуудтай авьяас билгээ уралдуулан өрсөлдөж амжилттай оролцсон байна. Тэгэхээр өрсөлдөөн хэр байсан бэ?
НШУС ОУСЗ 2 курсын оюутан У.Басбиш: Өрсөлдөөн ихтэй байсан. Солонгос улсын мэргэжлийн бүжгийн 2 хамтлаг оролцсон байсан. Бид нар мэргэжлийн бус бүжигчид гэж явсан. Тэмцээний явцад олон орны хүүхдүүдтэй найзлаж, нөхөрлөсөн. Ер нь бол манай Монголоос мэргэжлийн бүжгийн сургуулийн хүүхдүүд явсан бол гран при авах бүрэн боломжтой байсан. Гэсэн хэдий ч бид 2 сарын хугацаанд сайн бэлтгэл хийсний үр дүнд гуравдугаар байранд орсон. Өрсөлдөөн чанга байсан орон орны бүжиг өөр өөр байсан. Бид Монгол улсынхаа Монгол хэв шинжийг агуулсан бүжгийг бүжиглэсэн. Орон орны бүжиг өөр өөрийн гэсэн төрөл жанартай байсан учраас шүүгчдэд шүүхэд бас хүндрэлтэй байсан юм шиг байна лээ. Хамгийн гол нь манай бүжиг маш сайн байсан. Ерөнхийдөө бусад орны хүүхдүүд мэргэжлийн хүүхдүүд байсан. Тэмцээний үеэр бусад орны өрсөлдөгч нар ирж “Та нар мэргэжлийн бүжигчид үү?” гэж их асууж байсан. Мэргэжлийн гэж хэлүүлэх хэмжээний хүртэл бид бэлтгэл сургуулалтаа сайн хийсэнээр бүжиглэлт дэглэлтийн тал дээр манай “Монгол Донж” хамтлаг бусдаасаа ялгарч байсан. Найруулгын хувьд Хүннү, Бөртэ чоно, Гоо марал, Чингис хаан зэрэг үечилсэн найруулгаар найруулж бүжиглэж чадсан. Бид үүгээрээ л бусад орны бүжигчдээс ялгарсан. Бүжиг дэглэлт ердөө 14 хоногийн хугацаанд байсан хэдий ч бид энэ тэмцээнд гуравдугаар байранд орж чадсандаа сэтгэл хангалуун байна.
– Монгол улсынхаа нэрийг, МУИС-ийн нэрийг оюутнууд маань БНСУ өөр бусад орны 50 гаруй орнуудад таниулж чадлаа. Шагналаа авах тэр мөчийн сэтгэгдэлээс хуваалцвал.
ХЗС 2 курсын оюутан М.Халиун: Тухай үед бид тийм ч их баярлаагүй. Яагаад гэвэл бид өөрсдийгөө гран при авна гэж бодож байсан. Гэсэн хэдий ч гуравдугаар байранд шалгарсан. Яг тэр үед сэтгэл гундуухан байсан. Бид өөрсдийгөө гран при авна гэдэгт итгэлтэй байсан. Учир нь шагнал гардуулах ажиллагааг урьдчилан бэлддэг шүү дээ тэр үед гран при гэж манай улсын нэрийг дуудаж байсан. Гэхдээ бид энэ том тэмцээнд оролцоод гуравдугаар байранд орж чадсан. Ямарч тэмцээн уралдаан хүрэл медалиар эхэлвэл сайн гэдэг шүү дээ.
– МУИС-ийн оюутнууд өөр бусад орны 50 гаруй орны оюутнуудтай өрсөлдөж шагналт байранд шалгарсан нь басхүү МУИС-тай холбоотой шүү дээ. Тэгэхээр та бүхэн маань сургуулийнхаа талаар ямар сэтгэгдэлтэй явдаг бэ?
НШУС 2 курсын оюутан Б.Солонго: Бид нар сургуульдаа маш их баярлаж явдаг. Биднийг бүхий л талаар дэмжин энэхүү уралдаанд оролцуулсан. Бид сургуулийнхаа захиргаа, удирдлагад талархаж явдагаа энд дурьдан хэлэх нь зүйн хэрэг юм. Бид зөвхөн энэ тэмцээнд оролцоод зогсоогүй. Өнгөрсөн 04 дүгээр сард Тайванд тоглолт хийгээд ирсэн. Энэ нь МУИС Тайваны хамтын ажиллагаа, соёлын солилцооны үр дүн юм. Энэ мэтчилэн манай сургууль урлагаа дэмжиж байгаа. Саяны тэмцээнд бид бүжгийн сургуулийн оюутан биш МУИС-ийн оюутан гэж хэлэхэд тэд их гайхаж биднийг их хүндэтгэж байсан. Ер нь бол МУИС-ийн захиргаа удирдлагууд багш нартаа баярлаж талархаж явдаг гэдгээ хэлмээр байна. Сургууль гэдэг зүйл байгаагүй бол бид тэмцээн уралдаанд оролцох нөхцөл нь бүрдэж чадахгүй байсан. Өөрөөр хэлбэр Монгол улсын номер нэг сургууль гэдгээр бахархадаг. Бидэнд маш их боломжийг олгож өгдөг. Манай багш хэлж байсан. Монгол улсын их сургууль гэдэг бол Та нарын овог үргэлж энэ нэр та нарыг дагаж явах болно гэж хэлж байсан. Тэгэхээр Монгол улсын их сургууль гэдэг бол бидний овог юм.
– Та бүхэн цаашид ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байна вэ?
ХЗС ЭЗ 3-р курсын оюутан Э.Ёндон: Бид бэлтгэлээ хийж байгаа. Хоёр гурван телевизтэй хамтарч ажиллахаар болсон. Цаашдаа ч гэсэн тэмцээн уралдаанд оролцож хүчээ сорьно гэж бодож байгаа. Энэ тал дээр манай сургуулийн удирдлагууд маань ихээхэн дэмжих байх гэж бодож байна. Ер нь бол бид асаалттай танк гэдэг шиг МУИС-ийн ард асаалттай 17 танк байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Манай сургууль нөхцөл боломжийг нь бүрдүүлээд өгвөл бид өөрийн сургуулийнхаа нэрийг гаргасаар байх болно. Түүнчлэн бид дотооддоо Монгол Бийбиелгээг сурталчилах ажлыг хийхээр төлөвлөж байна. Монголдоо номер нэг монгол бүжгийн хамтлаг байх болно гэсэн зорилт тавиад бүжиг сургуулалтаа хийгээд явж байна.
Бид бусдаар өөр. Учир нь Монгол Улсын Их Сургуулийн “Монгол донж” хамтлаг шүү дээ.
-Та бүхэнд цаашдын уран бүтээнд амжилт хүсье.