МУИС-ийн Удирдах зөвлөл хуралдлаа

Share Button

logo_web.jpg12013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр МУИС-ийн Удирдах зөвлөл ээлжит хуралдаанаа хийлээ. Уг хурлаар МУИС-ийн бүтцийг шинэчлэн зохион байгуулах асуудлыг хэлэлцсэн бөгөөд 2013 оны 11 дүгээр сарын 08-нд хуралдсан Удирдах Зөвлөлийн хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн Захирал Др А.Галтбаярын үйл ажиллагааны танилцуулга, МУИС-ийн дүрмийг Монгол улсын хууль тогтоомжид нийцүүлэх ажлын хэсэг болон МУИС-ийн бүтцийг шинэчлэн зохион байгуулах бэлтгэл хангах ажлын хэсгийн тайлан, дүгнэлтийг удирдах зөвлөлд тайлагналаа.

Удирдах зөвлөлийн гишүүд ажлын хэсгийн тайлан, бүтэц зохион байгуулалтын талаар хэлэлцэж байр сууриа илэрхийлсэний дараа доорх шийдвэрийг гаргасан болно.

Үүнд:

  • Монгол Улсын холбогдох хууль тогтоомжтой зөрчилдөж байгаа МУИС-ийн дүрмийн зарим заалтыг хүчингүй болгох,
  • МУИС-ийн Дүрмийг шинэчлэн найруулах
  • МУИС-ийн бүтцийг Шинжлэх ухааны сургууль, Хуулийн сургууль, Бизнесийн сургууль, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургууль болон Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль гэсэн бүрэлдхүүнтэйгээр шинэчлэн зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Мөн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Эрдмийн зөвлөл хуралдаж хэд хэдэн санал гаргасаныг Удирдах зөвлөлд танилцуулсан юм. Тухайлбал: МУИС-ийн бүрэлдхүүнийг сургууль нэртэйгээр байгуулах, зарим сургууль, тэнхмийн нэрийг оновчтой нэрлэх зэрэг санал оруулсаныг хүлээн авч Удирдах зөвлөлөөс гарах тогтоолын төслийг нягтлан боловсруулах гишүүдийг 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр томиллоо.

Түүнчлэн МУИС-ийн хуралдаанд “МУИС-д ардчиллыг сэргээх Түр хороо”-ны тэргүүн Др Б.Болд-Эрдэнэ ажиглагчаар оролцсон бөгөөд багш ажилтан МУИС-ийн шинэчлэлийг дэмжиж байгаа болон шинэчлэлийг зохион байгуулсан арга хэлбэр, хамт олны оролцоо зэргийн талаар өөрийн байр суурийг илэрхийллээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар