МУИС-ИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХОРООНЫ ТУХАЙ

Share Button

muis-logo-bl1

 МУИС-ИЙН СУРГАЛТ ЭРХЭЛСЭН ДЭД ЗАХИРАЛ, ПРОФ О.МӨНХБАТ

Асуулт. МУИC-д Хөтөлбөрийн хороо байгуулагдах нь ямар ач холбогдолтой вэ?

Хариулт. Сургалтын хөтөлбөрийг шинээр боловсруулах, шинэчлэн өөрчлөх эрх мэргэжлийн багш профессорт шилжиж, мэргэжлийн экспертиз үнэлгээг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Түүнчлэн МУИС-ийн хэмжээгээр сургалтын нэгдсэн бодлого хэрэгжүүлэх орчин бий болж,  хөндлөнгийн болооод дотоод хяналт үнэлгээ хийдэг тогтолцоотой, шинжлэх ухааны хөгжил, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн боловсруулдаг, шинэчилдэг практик бий болох юм. Мөн сургалтын хөтөлбөрийг хэн дуртай нь дуртай үедээ зоргоороо өөрчлөх боломжгүй болж,  буух эзэнтэй, буцах мөртөй, хариуцлагын механизм бүрдсэнээр сургалтын технологи, чанарыг баталгаажуулах боломжтой болно.

 Асуулт. Хөтөлбөрийн хороо байгуулах хэрэгцээ шаардлагыг хэрхэн тайлбарлах вэ?

Хариулт. Хэдийгээр Хөтөлбөрийн хороо нь МУИС төдийгүй Монголын их сургуулиудын хувьд шинэ сэргэг институци боловч Болонийн үйл явц (Bologna process) –д нэгдэн орсон дэлхийн 50 гаруй улс орны их сургуулиудын жишиг, Айви лийг (Ivy league) –д багтдаг дэлхийн тэргүүлэх их сургуулиудын туршлагаас үзэхэд энэ бол зайлшгүй хэрэгцээтэй институци болох нь нэгэнт батлагдсан байдаг. Мөн энэ чиглэлээр хэрэгжсэн манай дотоодын судалгаа шинжилгээ тухайлбал, доктор Б.Очирхуяг ахлагчтай багийн гүйцэтгэсэн “МУИС-ийн Бакалаврын сургалтын хөтөлбөрийн шинжилгээ” судалгаа нь энэ институци байгуулах тулгамдсан хэрэгцээ шаардлагатайг нотолсон.

Асуулт. Хөтөлбөрийн хорооны түр журмын хэлэлцэхдээ эрдмийн хамт олны оролцоог хэрхэн хангасан вэ?

Хариулт. Түр журмыг боловсруулахад МУИС-ийн багш нарын оролцоо шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн. Сургалт эрхэлсэн дэд захирал болон МУИС-ийн захирлын\ресторатын зөвлөлийн гишүүдийн оролцоотойгоор бид эхлээд Хөтөлбөрийн хорооны үйл ажиллагааны удирдамжийн төсөл боловсруулах үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Мөн багш, профессор, судлаачдын зөвлөлдөх хэсэг байгуулж Хөтөлбөрийн хорооны үйл ажиллагааны удирдамжийн төслийн 4 удаагийн хэлэлцүүлэг явуулж, журмын төсөл боловсруулах ажлыг эхэлсэн. Мөн МУИС-ийн Захирлын зөвлөлийн хурлаар  Хөтөлбөрийн хорооны журмын төслийг  хэд хэдэн удаа хэлэлцэж улмаар  МУИС-ийн тэнхмийн эрхлэгч нарын хуралд оруулж санал авсан. 2014 оны 2 дугаар сарын Нээлттэй хэлэлцүүлгээр хэлэлцүүлж, багш, оюутны саналыг тусгасан бөгөөд цөөнгүй багш, профессор биеэр болон цахим шуудангаар саналаа өгсөн. Ингээд 2014 оны  2 дугаар сар 28-ний Эрдмийн хурлаар хэлэлцэн баталсан юм.

Асуулт. Хэдийнээс МУИС-д Хөтөлбөрийн хороо ажиллаж эхлэх вэ?

Түр журмыг Эрдмийн зөвлөлийн шийдвэр үндэслэн  МУИС-ийн захирлын тушаалаар баталсан. Одоо хороод байгуулах ажил бүрэлдэхүүн сургуулиудад өрнөж эхлээд байна. 3 дугаар сарын 10 гэхэд хороод байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхэлнэ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар