Профессор Чарльз Баудены ойн хурал амжилттай боллоо

Share Button

Монгол Судлалын Хүрээлэнгээс санаачлан Английн нэрт монголч эрдэмтэн Чарльз Баудены 90 насны ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурлыг дэлхийн монгол судлаачдын дунд зарлаж 2014 оны 3 дугаар сарын 21-22 д МУИС-д амжилттай зохион байгууллаа.  Хурлыг нээж МУИС-ийн эрдэм шинжилгээ, иновацийн асуудал эрхэлсэн дэд захирал профессор Ж.Батхүү, Их Британи Умард Ирландын Вант Улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга Ричард Стилвэл нар үг хэлж мэндчилгээ дэвшүүллээ. Хурлыг МУИС болон Монгол судлалыг дэмжих сан ивээн тэтгэсэн юм.

DSC_8978 copy

“Монгол судлалын шинэ чиг хандлага II” олон улсын энэхүү хуралд Английн Лийдсийн их сургуулийн эрдэмтэн Жүдит Нордбай, Америкийн Монгол нийгэмлэгийн ерөнхийлөгч эрдэмтэн Алиша Кэмпи, Монголын эрдэмтэн профессор Л.Манлажав, Л.Чулуунбаатар, Г.Галбаяр, О.Хатанболд, А.Орхонсэлэнгэ,  Л.Хэрлэн, Ц.Отгонсүрэн, Б.Мөнгөнцэцэг, Д.Энхжаргал, Ц.Цогзолмаа, Х.Нарангарав, Р.Бигэрмаа, А.Мөнхцэцэг, Б.Дэлгэрмаа, Б.Энхээ, С.Булгантамир,  БНХАУ-ын Нийгмийн Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн Утга зохиол судлах газрын захирал эрдэмтэн Б.Бөхчулуу, Өвөр Монголын Их Сургуулийн докторант Тамир, Өвөр Монголын багшийн их сургуулийн д-р Жин Ганг, БНУУ-ын эрдэмтэн Мариа Магдолна Татар, д-р Телеки Кристина, Саролта Татар, ХБНГУ-ын Гөттингөний Их Сургуулийн эрдэмтэн д-р Рекэл Жоханес, БНПУ-ын Варшавын Их Сургуулийн судлаач Жоанна Долинска, Японы Токиогийн Гадаад судлалын их сургуулийн Ази, Африкийн судалгааны хүрээлэнгийн д-р Токүсо Күрибето, Ремюцүки Их Сургуулийн д-р дэд проф. Минота Күниа, Токиогийн Гадаад судлалын их сургуулийн судлаач Акира Камимүра, Шовагийн эмэгтэйчүүдийн их сургуулийн д-р Боржигин Хүсэл, Киотогийн их сургуулийн д-рнт Наоки Үета, зэрэг орны олон их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн судлаач нар монголын түүх, соёл, нийгэм, улс төр, хэл шинжлэл, утга зохиол, намтар судлал, угсаатны зүй судлалаар илтгэл хэлэлцүүллээ. Мөн гадаадын дотоодын олон эрдэмтэн өвгөн профессорын ойд зориулан баярын цахилгаан ирүүлсэнийг уншиж танилцууллаа.

DSC_8880 copy

Тус хүрээлэн байгуулагдсанаас хойш “Монгол судлалын шинэ чиг хандлага”, “Монгол хэл бичгийн тулгамдсан асуудал” олон улсын хурлыг өөрийн нэрийн хуудас болгон цувралаар зохион байгуулж байна. Мөн дэлхийн нэртэй эрдэмтдийн тэгш ойд зориулсан олон улсын хурлыг 2 дах удаагаа зарлан хуралдуулаад байна. Их Британийн нэрт монголч эрдэмтэн Ч.Бауден гуай бол монгол судлалд хийсэн бүтээснээрээ дэлхий дахинаа алдаршсан алдар хүндтэй эрдэмтэн билээ. Тэрбээр монгол судлалын ганц чиглэлийг барилгүй монголын түүх, соёл, эх бичиг судлал, утга зохиол, толь бичиг судлал хэмээх өргөн дайдаар гайхамшигтай бүтээлүүд олныг туурвиж нөр их хөдөлмөр, амь амьдралаа зарж яваа эрдэмтэн билээ. Түүний амьдралынхаа турш бүтээж хийсэн суурь судалгаанууд нь өнөөдөр дэлхийн монгол судлалын түүхэнд ёстой жинхэнэ сор болон гялалзаж байна. Энэхүү олон улсын хуралд түүний намтар түүх, амьдрал бүтээлийн талаар, багш шавийн ёсны талаар, хувь хүний бүтээлч чанар, хөдөлмөр бүтээлийнх нь талаар мөн илтгэл хэлэлцүүллээ.

DSC_8937 copy

Энэ хурал маань монголын судлалын өнөөдрийн чиг хандлагыг тодорхойлох, ирээдүйн хэт зорилгыг мэдрэх, ялангуяа монгол судлал руу хөл тавьж байгаа залуу судлаачдын судалгааны бүтээлийг сонсож, үнэлж цэгнэх, залуу дунд ахмад үеийн эрдэмтэдийг уулзуулах, танилцуулах, тэдний үг, үнэт сургаалыг сонсох таатай боломж, үнэ цэнтэй цаг хугацаа  байлаа. Одоо өвгөн профессорын маань Английн Лондон хотноо энх тунх амьдарч бүтээл туурвилаа хийсээр буй. Тэгш ойд нь зориулан хийж буй энэ олон улсын хурлын индэр дээрээс түүнд яг нэг сарын дараа болох 90 насны ойн төрсөн өдрийн мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан байж, урт насалж удаан жаргахыг энд хуран цугласан Монгол судлаачид болон энд хүрэлцэн зочид төлөөлөгч бүх хүний нэрийн өмнөөс хүсэн ерөөлөө.

Олон Улсын энэ хурал амжилттай сайн болж гадаад дотоодын зочид сэтгэл хангалуун нутгийн зүг хүлгийн жолоо залж байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар