3-р сарын 14, 15-ны өдрүүдэд Монгол-Японы Төв дээр Монголын япон хэлний багш нарын холбооноос зохион байгуулсан “Япон хэлний боловсролын симпозиум” өргөн хүрээнд болж өндөрлөлөө. Симпозиумын хамтран зохион байгуулагчаар Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төв, дэмжигчээр Япон Улсын Элчин Сайдын Яам, Япон сан тус тус оролцсон бөгөөд нийслэл болон орон нутагт япон хэлний сургалт явуулж буй их дээд сургууль, ЕБС болон япон хэлний сургалтын төвүүдийн нийт 180 гаруй багш оролцлоо. Тус симпозиум нь япон хэлний боловсролын салбарт ажиллаж буй багш нар хоорондын мэдээллийн сүлжээг өргөтгөх, дадлага туршлагаа хоорондоо солилцох зорилготойгоор энэ жил 6 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
Энэ жилийн симпозиум “Монгол дахь япон хэлний боловсролын стандартын хэрэгжилт болон сурах бичгийн шинэчлэлт” гэсэн сэдвийн дор зохион байгуулагдаж, гадаад хэл тэр дундаа япон хэлний боловсролын салбарт ид өрнөж буй шинэ стандарт хэрэгжилтийн асуудлыг хөндөж ярилцлаа. Симпозиумын эхний өдөр буюу 3-р сарын 14-ны өдөр Японы “Аcras” япон хэлний боловсролын сургалт судалгааны төвийн захирал Шимада Казүко багш “Суралцагчдын сурах идэвхийг өрнүүлэх хичээл ба япон хэлний боловсролын стандарт” гэсэн сэдвээр сонирхолтой лекцийг уншлаа.
Симпозиумын 2 дахь өдрийн үдээс өмнө Нийслэлийн Боловсролын Газрын гадаад хэлний боловсрол хариуцсан мэргэжилтэн Т.Сараннэмэх “Монгол дахь гадаад хэлний боловсролын өнөөгийн байдал” гэсэн сэдвээр илтгэл тавьж, түүний дараа нийслэл болон орон нутагт япон хэлний шинэ стандартын дагуух туршилт хичээлийг амжилттай явуулж буй багш нар тайлан илтгэлээ толилууллаа. Үүнд Нийслэлийн Боловсролын Газрын харъяа ЖАЙКА-гийн сайн дурын ажилтан Үкита Күмико, “Наран” бүрэн дунд сургуулийн япон хэлний багш Ц.Цэцэгмаа, Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын “Мэргэд” цогцолбор сургуулийн япон хэлний багш Д.Дуламсүрэн, “Монгени” цогцолбор сургуулийн япон хэлний багш Наканиши Рэико, “Логарифм” бүрэн дунд сургуулийн япон хэлний багш Маки Күмико нар тус тусын сургууль дээр явуулсан стандарт хичээлийн талаар тайлагналаа. Мөн өдрийн үдээс хойш Тоокёогийн Гакүгэй Их Сургуулийн Саитоо Хироми багш “Хамтран суралцахуй ба япон хэлний боловсролын стандарт” сэдвээр сонирхолтой лекцийг уншсан юм.
Энэ удаагийн симпозиум нь япон хэлний боловсролын салбарт хийгдэж буй стандарт шинэчлэлтийн талаарх лекц, тайлан илтгэлээр дамжуулан нийслэлийн болон орон нутгийн япон хэлний багш нар харилцан санал бодол, мэдээллээ солилцсон өдрүүд болж өнгөрлөө хэмээн хэлэхэд таатай байна.