2014 оны 4 сарын 4-ний өдөр МУИС-ийн Газар зүйн тэнхимд профессор Г.Пүрэвцэрэнгийн нэрэмжит Газар төлөвлөлт, зураглалын лаборатори болон Ази номхон далайн орнуудын сансрын хамтын ажиллагааны байгууллага APSCO –ийн Боловсрол, сургалтын төвийн нээлт боллоо. Газар төлөвлөлт, зураглалын лабораторийг 2013-2014 оны хичээлийн жилд Нийслэлийн өмчийн харилцааны газрын “Зуслангийн газрын өмчлөлийн бүртгэл” сэдэвт ажилд МУИС-ийн газар зохион байгуулалт, кадастр, хот төлөвлөлтийн багш оюутнууд хамтарсан судалгааны ажил, “Нийслэлийн өмчийн харилцааны газар”-ын газрын харилцааны мэргэжилтнүүдэд мэргэжил дээшлүүлэх сургалт явуулах зэрэг ажлуудын үр дүнд 27 сая төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг багш нар өөрсдийн боломжид тулгуурлан бүрдүүлж лабораторийг тохижуулж байгууллаа.
Газар зохион байгуулалт, газрын кадастр, хот ба бүс нутаг төлөвлөлт гэсэн 3 үндсэн чиглэлийн доор сургалт, судалгааны ажлыг явуулна. Тус лаборатори нь дээрх мэргэжлийн чиглэлийн оюутнуудын суралцах хугацааны онолын мэдлэгийг баталгаажуулах зорилгоор зураглал, төлөвлөлтийн загварчлал, үйлдвэрлэлийн программ хангамжийн сургалтын зэрэгцээ эрдэм шинжилгээний төсөл, хөтөлбөрт оролцох боломжийг бүрдүүлэх бодлого баримтлан ажиллахаар төлөвлөж байна.
Ази номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага нь засгийн газар хоорондын олон улсын байгууллага юм. Албан ёсны үйл ажиллагаагаа 2008 онд БНХАУ-ын Бээжин хотноо эхлүүлсэн ба 2009 оноос хойш Нэгдсэн үндэстний байгууллагын Сансар огторгуйг энхийн зорилгоор ашиглах хороонд ажиглагчийн статустайгаар оролцож байна. Тус байгууллагын үндсэн зорилго нь Ази номхон далайн бүсийн орнуудыг сансар, огторгуйг энхийн зорилгоор ашиглахад дэмжлэг үзүүлэх, гишүүн болон бүс нутгийн орнуудын дунд сансрын шинжлэх ухаан, сансрын технологи, хэрэглээний чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино. Монгол улс уг байгууллагын гишүүн бөгөөд 2013 оны 11 сарын 19-21 –нд уг төслийн онлайн сургалтыг хийх технологийн сургалт явагдасны сацуу гишүүн 8 орны салбар байгууллагуудад боловсрол сургалтын төвийн албан ёсны эрхийг албан ёсоор олгосон. Энэ төслийн хүрээнд APSCO Education and Training Centre буюу Боловсрол сургалтын төвийг МУИС дээр байгуулж байна.