Өнгөрсөн сарын эхээр Италийн Венецийн Их Сургуулийн монгол судлаач, профессор Элизабетта Рагагнин МУИС-д зочилж хоёр их сургуулийн хооронд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах санал тавьсан нь Захиргааны зөвлөлийн хурлаар дэмжигдэж, МУИС-ийн захирал А.Галтбаяр гарын үсэг зурсныг мөн сарын 26-нд Италийн Венец хотноо болсон “Венетонайт 2014” олон улсын арга хэмжээний үеэр Венецийн Их Сургуулийн захирал гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр боллоо.
Венецийн Их Сургуульд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцсон профессорууд МУИС-ийн багш судлаач профессоруудтай гэрээний хүрээнд олон чиглэлээр даруй хамтран ажиллах хүсэл сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Тухайлбал, профессор Э.Рагагнин монгол судлал түүний дотор авиа зүй, нутгийн аялгуу судлалаар, Ази, хойд африк судлалын тэнхимийн эрхлэгч, профессор Паоло Калветти Азийн хэлний судлалаар, профессор Мариа Пиа Педани түүх судлалаар, Мариа профессор Алвизе Бенедэтти физик химийн чиглэлээр тус тус хамтран ажиллах сонирхолтой байна. Мөн МУИС-ийн Итали хэлний ангийн оюутан суралцагч, багш нар урт богино хугацаагаар харилцан очиж ажиллах боломж нээгдэж байгаа юм.
Тус сургууль нь Азийн судлалаар Итали улсад дээгүүр бичигддэг бөгөөд Марко Пологийн нутаг, монголтой түүх соёлын шижмээр холбоотой гэдгээрээ онцлог юм. Энэ гэрээний хүрээнд багш, оюутан солилцох үйл ажиллагаа ирэх оны 1 дүгээр сараас хүчин төгөлдөр болох юм байна. Мөн тус сургуулийн Гадаад харилцааны мэргэжилтэн Роберта Борготти “Манай хоёр их сургуулийн хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулж байгаад их баяртай байна. Бид энэ гэрээг байнгын сайн ажиллагаатай гэрээ байлгахын төлөө хичээн ажиллах болно. Манай хоёр их сургуулийн хувьд хичээлийн жил, оюутан, багш нарын тоо бусад хүчин чадал, судалгааны сонирхох чиглэл зэрэг олон талаар маш ойролцоо байгаа нь хамтран ажиллах таатай боломж юм. Тэр тусмаа бид Итали Улсад анхны албан ёсны монгол судлалын төв нээж чадна гэдэгт итгэлтэй байна.” гэлээ.
“Венетонайт 2014” олон улсын арга хэмжээний үеэр монгол хэл сурч байгаа 40 орчим оюутнуудад монголын тухай танилцуулж, монгол гэр барьж, Венецийн Их Сургуулийн профессор Р.Элизабетта, МУИС-ийн Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн профессор Ж.Бат-Ирээдүй, Унгарын Сэгэдийн Их Сургуулийн профессор Баярмаа Хавтагаева нар монголын түүх, хэл, соёлын чиглэлээр лекц уншиж, монгол хэлний хичээл заалаа.
Тус их сургууль нь 1868 онд байгуулагдсан. Гадаадын 40 хэл заадаг, 1 сая шахам ном бүхий номын сантай, 8 тэнхимийн системээр ажилладаг, 20,000 шахам оюутан, 1000 шахам багш профессор ажилтантай, жил бүр 1100 гаруй гадаад оюутан төрөл бүрийн санхүүгийн эх үүсвэр, тэтгэлгээр суралцуулдаг. Өнгөрсөн жилээс МУИС-тай хамтран ажиллаж буй Европын холбооны Эрасмус Мундус тэтгэлгээр суралцаж, судалгаа хийлгүүлж байгаа нь манай багш, судлаач нар очиж ажиллах судалгаа хийх бас нэг том боломж бүрдэх юм хэмээн үзэж байна.
Ийнхүү МУИС, Италийн Венецийн Их Сургуулийн хоорондын хамтын ажиллагаа албан ёслоор эхэлж байгаа тул МУИС-ийн багш, судлаач, оюутан суралцагч та бүхнийг өөрсдийн сонирхсон чиглэлээрээ тус их сургуулийн багш судлаач нартай идэвхтэй хамтран ажиллахыг уриалж байна.