Хүрэлтогоот-2014 эрдэм шинжилгээний бага хурлын Газарзүй, Геологийн салбарын хурал 10 сарын 18-нд амжилттай зохиогдлоо. Хуралд нийт 24 залуу судлаач илтгэлээ хэлэлцүүлсний 8 нь МУИС-аас оролцсон билээ.
Уралдааны дүнгээр ХААИС-ийн багш И.Мягмаржав, МУИС-ийн ШУС-ийн багш Д-р П.Мягмарцэрэн нарын “Хустайн хөрс усаар элэгдэх үйл явцын судалгаа, загварчлал” сэдэвт бүтээл тэргүүн байр, Геологи эрдэс баялгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан О.Одбаярын “Монгол орны газрын ховор элементийн ордуудын эрдэслэг бүрэлдэхүүний харьцуулсан судалгаа” сэдэвт бүтээл дэд байрт тус тус шалгарч, БШУ-ны сайдын нэрэмжит залуу судлаачдыг дэмжих 4 сая төгрөгийн грантын эзэд болов.
Мөн хурлын үеэр Монголын газар зохион байгуулагчдын холбооноос 3-р байрыг МУИС-ийн ХШУИС-ийн багш Б.Батдэлгэрийн “Улаанбаатар хотын агаарын тоосонцрын өндрийн хамаарлын судалгаа” сэдэвт бүтээлд олгож өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнасан юм.
Хуралд илтгэл хэлэлцүүлсэн судлаачдын бүтээл “Хүрэл тогоот-2014” эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлд жил бүр хэвлэгдэн олны хүртээл болдог тул сонирхож байгаа хэн бүхэн тус эмхэтгэлээс харж болно.