МУИС-ийн 31 оюутан Голомт банкны тэтгэлэг хүртлээ

Share Button

2

МУ-ын бизнесийн байгууллагуудаас анхлан Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг зохион байгуулсан нь Голомт банк юм. Өдгөө 12 дахь жилдээ ирээдүйд эх орныхоо хөгжлийг түүчээлэх шилдэг мэргэжилтнүүдийг бэлтгэх үйлсэд хөрөнгө оруулалт хийж байна. Жил бүр авьяас, эрдэм мэдлэг, сурах хүсэл эрмэлзлээрээ бусдаас ялгарч, манлайлсан 100 оюутан энэ боломжийг эдэлдэг. Тэдгээрээс энэ жилийн шилдэгт МУИС-ийн банк санхүү, бизнес, эрх зүй, улстөр, сэтгүүл зүйн ангийн 31 оюутан багтжээ. Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй оюутан эхний ээлжинд магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 3 ба түүнээс дээш ангид суралцдаг, сурлагын үнэлгээний голч дүн нь 3.5 болон түүнээс дээш, аль нэг гадаад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх шалгууруудыг хангасан байх ёстой ажээ. Мөн нийт олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог, мэргэжлийн чиглэлийн тэмцээн уралдаанд өөрийн эрдэм мэдлэг, авьяас чадвараа сорьж байсан, сургуульдаа тогтвортой суралцах зорилготой байх зэрэг үзүүлэлтийг харгалзаж, өөрийн эзэмшсэн гадаад хэл дээрээ “МОНГОЛ ХҮНИЙ ӨРСӨЛДӨХ ЧАДВАР” сэдвээр 250-аас доошгүй үгтэй эсээ бичсэн байдалд үндэслэн 400 оюутнаас шилдгийн шилдэг 100-г нь шалгаруулжээ. Ийнхүү 4 шатанд өрсөлдсөний дүнд бүтэн жилийн сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх, мөн тэтгэлэгт оюутнуудад зориулсан бүтэн жилийн хөтөлбөрт хамрагдах, тус банкны судлаач оюутны багш ажиллах, сургуулиа төгсөөд ажлын байраар хангагдах зэрэг эрхийн эздээр тодорсон байна. “Голомт банкны нэрэмжит тэтгэлэгт оюутан” хэмээх хүндтэй алдрыг хүртсэн сургуулийнхаа нэгэн бахархал болсон оюутнууд та бүхэн хариуцлагатайгаар, улам хичээнгүйлэн суралцаж, амжилтаа ахиулсаар байхыг хүсье!

Татах (DOCX, 19KB)

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар