Гавъяат багш, профессор Мөнхнасангийн Баянтөр нь хуучнаар ЗХУ-ын Москвагийн УИС-ийг эдийн засгийн газарзүйч мэргэжлээр 1961 онд төгсөж, 1961-1965 онд ЭЗДС-д багш, 1965-1977 онд МУИС-д багш, тэнхмийн эрхлэгчээр, 1977-1981 онд БНМАУ-ын СНЗ-ийн харьяа УДТДТМ-ийн боловсролын хороонд хэлтсийн дарга, 1981-2014 онд МУИС-д тэнхмийн эрхлэгч, багшаар ажиллажээ. Тэрбээр улсад тасралтгүй 53 жил хөдөлмөрлөж 2014 онд Монгол Улсын Гавьяат багш цол хүртсэн билээ. Энэхүү баярт үйл явдлыг нь тохиолдуулан түүний шавь доктор (Ph.D), профессор Г.Нямдаваа “Мөнхнасангийн Баянтөрийн эрдэм номын цагаан мөрөөр замнасан он жилүүд” нэртэй бүтээлийг шавь нарынх нь хамт эмхтгэн олны хүртээл болгож байна.
Мөн түүнд хүндэтгэл үзүүлэх, газарзүйн чиглэлээр суралцдаг оюутан залуусын эрдэм шинжилгээ судалгааны ажлыг урамшуулах, цаашид судалгаа шинжилгээ хийх, урам зоригийг нь нэмэгдүүлэх, хичээл сургалтаар болон дадлагаар олж авсан мэдлэгийг нь баталгаажуулах, оюутнуудын илтгэх чадварыг сайжруулах, жил бүр болдог сургууль, тэнхмийн оюутны эрдэм шинжилгээний хурлын эхлэл болгож М.Баянтөр багшийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурлыг 2 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Энэхүү хурлыг МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Газарзүйн тэнхмийн хамт олон, шавь нараас нь санаачлан энэ чиглэлээр суралцдаг бүх их, дээд сургуулийн оюутнуудын дунд 2014 оны 11 сарын 15-ны өдөр зохиох юм.