МУИС-ийн БТТ-ийн 2014-2015 оны хичээлийн жилийн хөтөлбөрт Явган аяллын хичээл багтсан билээ. Биеийн тамирын хичээл сонгосон 514 оюутан багш нарын хамт өнгөрсөн ням гарагт Богдхан уулын Жаргалантын амнаас МУИС-ийн сургалтын бааз хүртэлх 13 км-ийн газар аялж энэ удаагийн хичээлээ амжилттай зохион явууллаа. Замын дунд оюутнуудынхаа авхаалж самбааг сорьсон хөгжилтэй буухиа тэмцээнүүдийг зохион явуулсан нь хичээлийг улам хөгжилтэй болгож, намрын налгар өдрийг өнөр өтгөн ам бүлээрээ үр дүнтэй, дурсамжтай өнгөрүүлсэн аялал болсон юм.
Явган аялал хөтөлбөртөө хамрагдаж, аялаад ирсэн оюутнуудынхаа сэтгэгдлээс хүргэе!
ШУС, НУС-ийн 1-р түвшний оюутан М.Цийлмаа:
Бид 514-үүлээ аяллаар явсан. Өмнө нь бие биенээ таньдаггүй байсан бол энэ аялал хичээлт хоорондоо нөхөрлөх, дотносох боломжийг олгосон гэж бодож байна. Бид танилцаад фэйсбүүкт груп үүсгээд харилцаа холбоогоо үргэлжлүүлж байгаа. Эхэндээ хүүхдүүд кредит цагаа бүрдүүлэхийн тулд энэ аялалд явж байгаа гэсэн хандлага байсан бол буцаж ирэхдээ хэдийгээр ядарсан ч үнэхээр сэтгэл хангалуун байсан. Багш нар маань бидний дунд ороод, хөгжилдөж халуун дотно харилцааг бий болгосон.
ШУС, Хүмүүнлэгийн сургуулийн 1-р түвшний оюутан Г.Доржтүвдэн:
Бид нар хотын бохир агаараас зайдуу 13 км алхахдаа хөгжөөнт буухиа тэмцээнүүдийг зохиож, амралтынхаа нэг өдрийг хөдөлгөөнтэй, хөгжилтэй, үр дүнтэй өнгөрүүлсэн. Тархи толгойгоо сэргээгээд ирсэн сайхан байна. Бөөнөөрөө гимнастик хийж, бүжиглэж, биенээсээ ичих зүйлгүй нэг хамт олон болоход энэ аялал чухал үүргийг гүйцэтгэлээ гэж үзэж байна. Энэ хөтөлбөрийг санаачилж, хэрэгжүүлж байгаа сургуулийн хамт олон, багш нартаа баярлалаа гэж хэлье.
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн 1-р түвшний оюутан Ү.Энхцацрал:
Бид нар амралтын өдрөөрөө гэртээ өнждөг. Харин энэ удаа амьд харилцааг өрнүүлж, олон сайхан оюутнуудаар танилын хүрээгээ тэлэнгээ, эрүүл агаарт, хөдөлгөөн хийж байгаад ирлээ. Биеийн тамирын хичээл сонгосон 1500 гаруй оюутан бий. Сая эхний ээлжээр бид явлаа. Ууланд гараад ядарсан ч гэлээ, хоорондоо нөхөрлөж, сайхан дурсамжийг үлдээсэн үр өгөөжтэй аялал болсон гэдгийг хэлмээр байна.
Энэ симистрт буюу 11 дүгээр сарын 16, 23-ны өдрүүдэд Явган аяллын хичээл үргэлжлэх тул оюутнууд та бүхэн цэвэр агаарт, хичээл сургалт, аялал амралтын байдлаар хичээлдээ идэвхтэй оролцохыг уриалж байна.