МУИС-ийн захирал А.Галтбаяр БНПУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Share Button

Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн Дэд маршал Ежи Вендерлих, БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Тадэуш Хомицки, Сеймийн Тамгын газрын Гадаад хэргийн товчооны Дэд Захирал Богдан Яновски, БНПУ-ын ЭСЯ-ны Зөвлөх, Улс төрийн хэлтсийн дарга Пиотр Гиллерт, БНПУ-аас Монгол Улсад суугаа Өргөмжит консул Д.Ганхуяг нар МУИС-д айлчилж захирал А.Галтбаяртай уулзаж Польш хэлний хөтөлбөр болон оюутан солилцооны талаар санал солилцлоо. 

IMG_4567

Уулзалтын үеэр ноён Ежи Вендерлих “Польш нь Европын Холбоо (ЕХ)-ны 28 улсын нэг бөгөөд Герман, Франц улсуудын дараа гуравдагч орон болохоор зорьж байгаа. Иймд Польш улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлснээр ЕХ-той нягт хамтран ажиллах гүүр болно гэж бодож байна. Иймд польш хэлийг судалснаар тодорхой үр өгөөжөө өгнө гэж найдаж байна” гээд 2014 оны 11 сарын 5-ны өдөр болсон ноён Элчин сайд Тадуэш Хомицки болон МУИС-ийн Захирал А.Галтбаяр нарын уулзалтын үеэр хэлэлцсэн асуудлуудыг дэмжин ажиллахаа илэрхийллээ.

IMG_4572

11 дүгээр сарын 5-ны уулзалтаар МУИС-д шинээр элсэгчдэд Польшийн их дээд сургуулиудын талаар мэдээлэл өгөх, оюутан солилцооны хөтөлбөрийг идэвхжүүлэх, мөн Польшид магистр, докторын сургалтад суралцах өргөн боломжууд байгаа гэдгийг мэдээлэл маш чухал байгааг онцолж, МУИС-д суралцаж байгаа 6 оюутныг нэг семистрийн турш БНПУ-д тэтгэлэгтэйгээр хэлний дадлага хийлгэх, компаниудад үргэлжлүүлэн бизнесийн чиглэлээр дадлага хийлгүүлэх боломжийг бүрдүүлэх болсноо мэдэгдсэн юм. Мөн элчин сайд Тадуэш Хомицки МУИС-д суралцаж байгаа Польш оюутнуудын суралцах чиглэлийг зөвхөн монгол судлал төдийгүй өөр бусад салбаруудад өргөжүүлэхэд анхаарахын зэрэгцээ польш хэлний оюутнууд шинээр мөрдөж байгаа хөтөлбөрийн хүрээнд давхар хичээл үзэх боломжийн олгоход туслахыг хүсчээ.

 Элчин сайд Ежи Вендерлих үргэлжлүүлэн МУИС-ийн Польш хэлний анги нь 15 оюутан бүрдсэнээр хичээллэх боломжтой гэсэн ойлголттой байгаагаа дурдаад цаашид оюутны тоо бүрдээгүй ч гэсэн энэ ангийг хадгалан үлдэж, оюутнуудыг польш хэлийг сурах боломжийг дэмжин ажиллахыг  сургуулийн захирлаас хичээнгүйлэн хүссэний хариуд захирал А.Галтбаяр “Ноён элчин сайд Тадуэш Хомицкитай уулзсан санал солилцсоны дараа Европ судлалын тэнхимийн хүрээнд хэлэлцэж, польш хэлний ангийг хадгалан үлдэх боломжийг судалж байна. Польш хэлний ангийн элсэлтийг 4 жилд нэг удаа авч байгаа. Энэ тал дээр анхаарал хандуулан ажиллана. Түүнчлэн польш хэлийг хөтөлбөрийн хүрээнд дэмжин ажиллахад элчин сайдын газрын дэмжлэг туслалцаа чухал гэдгийг онцлон дурдахыг хүсч байна” гэлээ.

Энэ үеэр Европ судлалын тэнхмийн эрхлэгч Б.Алтангүл Польш хэлний хөтөлбөрийг дэмжин ажиллах  гурван арга зам байгааг хэлсэн юм.

  1. Уламжлалт хэл шинжлэлийн хөтөлбөрийн хүрээнд
  2. Бусад хэлний оюутнууд тэтгэлгээр Польшид суралцах
  3. Слав судлал буюу ховор хэлээр суралцах (Чех, Польш хэл гэх мэт)

IMG_4574

Уулзалт цаашдын хамтын ажиллагаагаа идэвхтэй өрнүүлэх тохиролцоонд хүрснээр өндөрлөж төлөөлөгчид МУИС-ийн Эрдмийн зааланд зочлон оюутнуудтай чөлөөт ярилцлага хийлээ. Уулзалт харилцан чөлөөт асуулт хариултаар өрнөж халуун дулаан уур амьсгал дунд болж өндөрлөсөн.

IMG_4581

        

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар