Байгаль, нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбаруудад сургалт, эрдэм шинжилгээ явуулахад шаардлагатай материалаар уншигчдын эрэлт хэрэгцээг бүрэн хангах чанартай фондтой, уншигчдын бие даан суралцах, сонголт хийх, мэдлэг боловсролоо дээшлүүлэх таатай орчинг бий болгоход чиглэсэн шинэлэг үйлчилгээ, сүүлийн үеийн техник технологи бүхий мэдээллийн төв болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд МУИС Чөлөөт сонголттой номын сантай болж, өнөөдөр нээлтийн арга хэмжээгээ зохион байгууллаа.

Номын санг бие даасан нэгж болгон өөрчилж, чөлөөт сонголтоор төрөлжсөн үйлчилгээгээ авч болохуйц байдлаар бүтэц, зохион байгуулалтыг нь шинэчилжээ. Мөн номын фондыг мэргэжсэн профессор, оюутан суралцагчдын оролцоотойгоор бүрдүүлдэг байх шинэ тогтолцоонд шилжсэн байна.
Ингэснээр шаардлагатай ном зохиолын сан бүрдэхийн зэрэгцээ, ашиглах номын тоо хязгаарлагдахгүй болж, үйлчилгээ авах, номын санчийн ном олгох, буцаан авахад зарцуулах цаг хэмнэгдэх зэрэг эерэг өөрчлөлтүүдийг бий болгож байгаа юм.
МУИС-ийн номын сан 25 мянган байнгын үйлчлүүлэгчэй, фонддоо 400 гаруй мянган номтой Монгол улсдаа томоохонд тооцогддог номын сан бөгөөд дэлхийн тэргүүлэх их дээд сургуулиудын жишигт хүрэх зорилгодоо нэг алхмаар ойртлоо.