Дотуур байрны оюутнуудын амьдрах орчин сайжирсаар байна

Share Button

МУИС нь энэ хичээлийн жилд Оюутны дотуур байрны гаднах дээвэр, фасад, хаалгуудыг засварлаж, шинэчилсний зэрэгцээ, угаалгын өрөө, гал тогоондоо шаардлагатай төхөөрөмжүүдийг авч суурилуулсан билээ. Энэ удаа Оюутны I дотуур байрны 2 давхрын уншлагын танхимд 25 ширээ, 50 сандал, I, IV дотуур байрны оюутны өрөөнд нийт 180 ширээ сандал шинээр тавьж, тэдний хичээл хийх, амьдрах орчныг сайжруулах үйл ажиллагааг үргэлжлүүлсээр байна. 

IMG_5042

Оюутны I дотуур байрны зохион байгуулагч Ж.Мөнхжаргал:

-Энэ өмнө нь агуулахын журмаар ашиглагддаг харанхуй өрөө байсныг 2 жилийн өмнө чөлөөлж оюутны үйл ажиллагаа явуулах өрөө болгон засахаар болсон байдаг. Одоо 25 ширээ 50 сандал тавьж оюутны уншлагын танхим болголоо. Ингэснээр манай оюутнууд хичээлээ хийхэд шаардлагатай ширээ сандал, интернэттэй саруулхан өрөөтэй боллоо. Өмнө нь бүх оюутнууд маань 3 давхрын уншлагын танхимд суудаг байсан бол энэхүү өрөө ашиглалтад орж асуудал шийдэгдлээ.

IMG_5053

ШУС, БУС-ийн Физикийн IV түвшний оюутан Г.Маралмаа:

-Заримдаа хичээлээ орон дээрээ хэвтэж байгаад хийдэг байлаа. Ийм ширээтэй болчихсон чинь хичээлээ ч хийж болно, компъютерээ гаргаад кино ч үзнэ. Ер нь тав тухтай байдлыг хангаж байгаа. Өрөөний үзэмжийг ч нэмэгдүүлсэн.

IMG_5056

ШУС-ийн III түвшний оюутан Г.Баттулга:

-Өмнө нь манай өрөө хэдхэн юм тавихад л дүүрчихдэг нарийхан, жижиг ширээтэй байсан. Ном, дэвтэр, эд хэрэгслүүд маань газраар хөглөрсөн байдалтай байлаа. Одоо талбай томтой энэ ширээн дээрээ тавиад өрөө маань цэгцтэй болсон.

IMG_5065

ШУС, ХУС-ийн Урлаг судлалын магистрын түвшний оюутан Ө.Ирмүүн (ӨМӨЗО-оос ирэн суралцаж байгаа):

-Ном бичихэд эвтэйхэн ширээтэй боллоо. Магистраа хамгаалахад шаардлагатай маш олон ном сурах бичгүүдээ цэгцэлж чадахгүй байсан юм. Одоо энэ ширээгээ номын тавиураар ашиглахад ч наана нь хичээлээ хийх зай гарч байна.

Ийнхүү дотуур байранд амьдардаг оюутнуудын маань амьдрах орчин сайжирсаар байгааг дуулгахад таатай байна. Мөн дотуур байрны өрөө бүрт утастай интернэт сүлжээ тавигдах 48 сая төгрөгийн ажил хийгдэж байна. 

 

 

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар