МУИС-ийн ОУХНУС-ийн 12 оюутан “Дипломат ба консулын харилцаа” хичээлийн хүрээнд багш Д.Оюунсүрэн, сургалтын туслах ажилтан Д.Бадамцэцэг нарын хамтаар Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсаас Монгол улсад суугаа ЭСЯ-нд 2014 оны 12-р сарын 11-нд зочиллоо.
Тус ЭСЯ-ны Дэд тэргүүн Жулиан Персон ЭСЯ-ндаа анх удаа оюутнуудыг хүлээн авч буйгаа онцлоод, үйл ажиллагааныхаа талаар танилцуулж, Их Британи-Монгол улсын харилцааны талаар сонирхолтой яриа өрнүүлж, оюутнуудын сонирхсон асуултад хариулж, илэн далангүй санал солилцлоо.
Өрнөдийн орнууд дундаас хамгийн түрүүнд буюу 1963 онд Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон Их Британи улсын ЭСЯ-нд ийнхүү зочилсон нь олон улсын харилцааны мэргэжлээр суралцаж буй оюутнуудын хувьд хичээлээр олж авсан онолын мэдлэгээ практикаар баяжуулсан олзуурхууштай арга хэмжээ болсон юм. Уулзалтын төгсгөлд ЭСЯ-ны Нарийн бичгийн дарга Энхмаа ЭСЯ-аа танилцуулж, дурсгалын зүйл гардуулав.