2014 оны 12 дугаар сарын 17–ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллага (НҮБ)-ын хүндэтгэлийн танхимд “Аймаг нийслэлийн статистикийн товчоон” номын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо. Энэ арга хэмжээг нээж Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан, НҮБ-ын Суурин зохицуулагч бөгөөд НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглу нар үг хэллээ. Тус номын танилцуулгыг Ш.Сэржхүү, Проф. Б.Нямбат нар эмхэтгэжээ. МУИС-ийн номын сангийн төлөөлөл энэ үйл ажиллагаанд оролцож номын дээжийг хүлээн авсан юм.
МУ-ын Засгийн газар нь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран “Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоог бэхжүүлэх нь“ төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн Орон нутгийн статистикийг бэхжүүлэх дэд хэсгийг Үндэсний Статистикийн Хороо хэрэгжүүлж буй бөгөөд нийслэл болоод 21 аймгийн “Аймаг, нийслэлийн статистикийн товчоон” лавлагааны номыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэвлэн нийтлүүлж, хэрэглэгчдэд хүргэж буй явдал нь энэ юм.
УГ ном нь хүн ам, нийгэм, эдийн засгийн гэсэн 2 бүлэг, түүнд хамаарах 16 дэд салбараас бүрдэх бөгөөд эхэн хэсэгт номны товч танилцуулга, нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгж, байгаль, газар зүйн нөхцөл, эдийн засгийн боломж, аймгийн статистикийн албаны товч түүх, одоогийн бүтэц бүрэлдэхүүнийг тусгасан байна.