Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрдэм шинжилгээ, судалгааны салбарт итгэл үнэмшлээрээ зүтгэж, эх орондоо төдийгүй эх дэлхийн хүмүүст хэрэг тустай бүтээл туурвиж яваа шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдыг жил бүр тодруулж, шагнадаг. 2014 оны шилдэгт МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн багш, доктор Цэрэн-Очирын Соёл-Эрдэнэ ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Хоролрагчаагийн Алтанзул, Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн Дархлаа судлалын тэнхмийн багш, доктор Тогоогийн Хонгорзул нарын хамтаар шалгарлаа.
Ц.Соёл-Эрдэнэ багш Монгол орны болон дэлхийн байгаль орчны асуудал, хүрээлэн буй орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийг судалсан “Антарктид дахь цагаан алтны бүлгийн элементүүдийн тунадасжилт, тэдгээрийн эх үүсвэрийн судалгаа”, “Говийн бүсийн агаарын тоосонцрын ионы болон хортой хүнд элементийн судалгаа” зэрэг байгаль хамгааллын үйлсэд хувь өгөхүйц дорвитой бүтээл туурвисан билээ. Энэ үзүүлэлтээрээ МУИС-ийн 2014 оны Шилдэг залуу багшаар тодорсон юм.
Эрдэм шинжилгээний олон сайн ажилтан, судлаачаас бүтээл туурвилаараа онцгойрч “шилдэг”-ээр шалгарсан багш танаараа МУИС-ийн хамт олон бахархаж байна. Таны цаашдын эрдэм шинжилгээний бүтээл туурвилд нь их амжилтыг хүсэн ерөөе.