Захирлын мэндчилгээ

Share Button

Өнгөрсөн 2014 он МУИС-ийн эрдэмтэн багш, та бидний хувьд өөрчлөлт шинэчлэлийн их ажлын жил байлаа. Энэ хугацаанд:

  1. Бакалаврын хөтөлбөрөө бүрэн шинэчилж чадлаа.
  2. Номын сангийн барилгын бэлтгэл ажлыг бүрэн дуусган, барилгын суурийг тавилаа.
  3. МУИС-ийн номын сангийн барилгад зарцуулах 6.7 тэрбум төгрөгийг хуримтлуулан ирэх онд барилгын дараагийн шатны ажлуудыг саадгүй санхүүжүүлэх бололцоотой боллоо.
  4. Анги танхим, оюутны дотуур байрууд, судалгааны лабораториудыг цоо шинээр тохижуулахад улсын болон сургуулийн санхүүжилтийн нийт 5.4 тэрбум төгрөгийг зарцуулсан нь оюутан, багш нарын сурах, ажиллах, амьдрах орчныг сайжруулах чиглэлээр хийсэн чухал ажил боллоо.
  5. Багш ажилтнуудын цалинг дунджаар 14%-аар нэмэхээр МУИС-ийн Удирдах Зөвлөлд санал оруулаад байна.
  6. Сургалт судалгааны үндсэн үйл ажиллагаатай холбоотой гол дүрэм журмуудыг шинэчилж дууслаа.

Өнгөрсөн хичээлийн жилд профессоруудын бодит хамтын ажиллагаа, идэвх санаачилга дээр суурилсан судалгааны төсөл, хөтөлбөр дагасан виртуаль бүтэц бүхий судалгааны уян хатан тогтолцоог бий болголоо. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүтээл бүхий чадварлаг судлаачдаа дэмжиж, тэдний судалгааны суурь лабораторуудыг бэхжүүлэх чиглэлээр томоохон хөрөнгө оруулалт хийлээ. 2014-2015 оны хичээлийн жилийг судалгааг дэмжих жил болгож, 800 сая төгрөг төсөвт тусган багш профессорууд судалгааны суурь болон бусад зардлыг авахаар болсон нь МУИС судалгааны их сургууль болох стратеги зорилтоо хэрэгжүүлэхэд томоохон алхам болно гэдэгт итгэж байна.

Бидний хийж буй өөрчлөлт, шинэчлэл үргэлж шулуун дардан, амар хялбар, алдаа дутагдлаас ангид байгаагүй ч манай хамт олны өдөр тутмын хичээл зүтгэл, нөр их хөдөлмөр, сургууль хамт олноо гэсэн чин сэтгэлийн хүчээр цаашид улам их амжилтад хүрнэ гэдэгт би бүрэн итгэлтэй байна.

Ирж буй 2015 он нь манай оюутан, төгсөгчид ирээдүйдээ итгэлтэй, ажил сурлагадаа эзэн болсон, судлаач эрдэмтдийн маань ажил, бүтээл нь эх орондоо өгөөжтэй байх сайхан цагийн эхлэл тавигдсан он байх болно.

Ирж буй шинэ онд та бүхэнд эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 МУИС-ийн захирал Д-р А.Галтбаяр

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар