ШУС-ХС-Ази судлалын тэнхмийн багш нарын бүрэлдэхүүнтэй, Солонгос сангийн сургалтын тэтгэлэгт сонгон шалгаруулах комисс нь тус сургуулийн Солонгос судлалын нийт 20 магистрант, 8 докторантаас суралцах чадвар, сурлагын амжилт, ажлын төлөвлөгөө, явц зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр 2014-2015 оны хичээлийн жилд магистрант Б. Бүжинлхам, И. Бүрэнжаргал, С. Гэрэлмаа болон докторант Л. Хандармаа, Б. Ариунбайгаль нарыг тэтгэлэгт хамруулахаар шийдвэр гаргаж, өчигдөр буюу 2015 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр гардуулан өглөө.
Монгол Улсын Их Сургууль, БНСУ-ын Солонгос сантай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Солонгос судлалаар мэргэшиж буй магистрант, докторантад тэтгэлэг олгодог болоод 10 гаруй жилийн нүүрийг үзжээ. Энэхүү сургалтын тэтгэлгийн гэрээний хугацаа 2014 онд дуусгавар болсон бөгөөд өнгөрөгч онд тус гэрээг 3 жилийн хугацаатай дахин шинэчлэн байгуулсан билээ.
Тэтгэлэг авсан нийт суралцагсаддаа цаашдын эрдэм номын их үйлсэд нь өндөр амжилт хүсч, Монголын Солонгос судлалын хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.