“Монголын Сэтгүүл зүйн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд” сэдэвт симпозиум 2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр буюу яг энэ мөчид МУИС-ийн Эрдмийн танхимд болж байна.
Симпозиумд Сэтгүүл зүйн мэргэжлийг эзэмшүүлдэг их, дээд сургуулийн эрдэмтэн багш, судлаачид илтгэл тавьж Монголын сэтгүүлзүйн өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгч, тулгамдсан асуудлуудыг тодорхойлжээ. Заримаас онцолбол, Сэтгүүл зүйн сэдвүүдээр хийсэн доктор, магистрын судалгааны ажлууд 200 гарч байгаа ч СЭТГҮҮЛ ЗҮЙН ШҮҮМЖ судлал орхигдсоноос, Монголын сэтгүүл зүй өнөөдөр Дөрөв дэх засаглалын үүргээ төдийлөн амжилттай бус биелүүлж, нийгэм тэр хэрээрээ энэ тогтолцоонд итгэх илгэл суларч, мөн чанартаа үл оршин буйг TV телевизийн захирал Т.Баасансүрэн илтгэлдээ дурджээ. Мөн түүнчлэн, шинэ мэдээллийн хэрэгсэл буюу цахим сэтгүүл зүй, сэтгүүлчдийн нийгмийн амьдрал, мэргэжлийн ёс зүй, эрх зүйн орчин, ХМХ-ийн эзэмшил, Их дээд сургуулийн сэтгүүл зүйн хичээлийн хөтөлбөр зэрэгт тус салбарын хөгжлийг сааруулж буй олон сэдвүүдийг хөндөж байна.
Нэн ялангуяа, өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй 16 арилжааны телевизийн 11 нь УИХ-ын гишүүд, өндөр албан тушаалтны удирдлага дор ажиллаж, тэдний үзэл бодлыг зэвсэг болж байгаа нь Сэтгүүл зүйн үүрэг, хариуцлагыг “иргүйдүүлсэн” хэрэг болоод байна. ХМ-ийн үйл ажиллагааг хянах бодлогыг хууль тогтоомжоор дамжуулан гаргадаг хандлага сүүлийн жилүүдэд ажиглагдах болсныг мөн онцолсон юм.
Тиймээс энэ салбарыг судалгаан дээр үндэслэн, зөв зохицуулалтаар цаашид хөгжүүлэх шаардлагатай хэмээн өнөөдрийн симпозиумд оролцож буй илтгэгчид хэлж байна. Энэ арга хэмжээ 14 цаг хүртэл үргэлжилнэ.