МУИС-ийн Магистрант, докторантурын оюутны холбоо, Сургалтын нэгдсэн албаны хамтаар зохион байгуулж буй дотуур байрны орчинд ёс зүй, найрсаг харилцаа, амьдралын зөв дадлыг хэвшүүлэхэд чиглэсэн “Хэмнэлт, ёс зүйн долоо хоног” аян уран илтгэлийн мастер Б.Гэрэл “Хүн өөрийгөө ухаарахуй” илтгэлээ оюутанд үйлчилдэг МУИС-ийн нийт үйлчилгээний ажилчдад зориулан тавьснаар эхэллээ.
МУИС-ийн дотоод оюутны 5 байр 1700 оюутныг хүлээн авч, тэдний нийгмийн амьдралын баталгааг хангах 100 гаруй ажилчдын хамтаар нэг “ӨРХ”-д харьяалагддаг. Монголын өнцөг булан бүрээс ирсэн оюутнуудын дунд ёс зүйн болоод амьдралын буруу хэвшил төлөвшөөгүй нь цөөнгүй. Иймээс ус, эрчим хүчээ хэмнэх, бусдын хөдөлмөрийг хүндэтгэх, “Миний байр-Миний гэр” гэсэн өөриймсөг сэтгэлгээтэй болоход тэдэнд итгэл үнэмшил төрүүлэх замаар аяны үнэ цэнийг ойлгуулах, мэдлэг, мэдээллийг нь бусадтай нь хуваалцуулах, нэмэгдүүлэх, тэднийг сонсох, асуудлыг нь шийдвэрлэх, ухуулга наалт тараах зэрэг оюутанд чиглэсэн үндсэн ажлууд хийгдэнэ.
Б.Гэрлээ багш өнөөдрийн эв эеийг эрхэмлэсэн нигүүлсэнгүй хамт олон бүрдүүлэх нь хүн бүрийн өөрийгөө ухаарахаас үүдэлтэй гэсэн үзэл санаанд тулгуурласан уг илтгэлээ МУИС-ийн дотуур байруудад очиж тавих ажээ. МУИС нь өдөр тутам сургалт, лекц зохион явуулдаг ч үйлчилгээний ажилчдад зориулсан, нийтээр нь хамруулсан анхны тохиолдол бөгөөд, лекцийн дараах судалгаагаар 98% нь хангалттай, ухаарал өгсөн лекц боллоо гэж хариулжээ.