Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсээс их, дээд сургуулийн оюутан залуусыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах тусгай арга хэмжээнд МУИС 25 оюутан сайн дураар нэгдэж, цагдаагийн албан хаагчдын хамтаар сургуулийнхаа бүс нутагт 2 ээлжээр эргүүлд гарч байна.
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд эрүү, хэв журмын нөхцөл байдлын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хүлээн авч шалгасан гомдол, мэдээлэл болон бүртгэгдсэн гэмт хэрэг 940 буюу өмнөх 14 хоногтой харьцуулахад 4.4 хувиар өсч, их сургуулиудын орчимд (1, 8-р хороо) гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бусад хороодоос өндөр дүн гарсан байна. Мөн өмнөх жилийн энэ үеэс эд материалын шинжтэй хохирол 5 орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлтүүд энэхүү арга хэмжээнд оюутнуудыг хамруулах үндэслэл болжээ.
МУИС, АНУҮИС, МУБИС, ШУТИС-ийн 80 оюутан 3 дугаар сарын халаасны хулгайн болон бусад төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхээр хаврын тэнгэр аашаа цухалзуулсан эдгээр өдрүүдэд ид ажиллаж байна. Үр дүнг эргэн мэдээлнэ.
Нийгэмд тустай сайн дурын үйлсэд тогтмол оролцдог байх нь оюутнуудад өөрийгөө нээх, олон талаар хөгжүүлэх боломж олгохын зэрэгцээ БИЕ ХҮН-д бүрдсэн байх чанарууд бусадтай харьцуулахад харьцангуй эрт төлөвшдөг байна. Тиймдээ ч гадаад, дотоодын томоохон их, дээд сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрийн шаардлагад өндөр үзүүлэлт болдог бизээ.
“ОЮУТАН ЭРГҮҮЛ” хөтөлбөрийн үйл ажиллагаанд идэвх зүтгэл, сэтгэл гарган оролцсон оюутнууддаа талархал илэрхийлье!