МУИС-д философийн салбар байгуулагдсаны 50 жилийн ойг угтаж МУИС-ийн философийн тэнхимээс санаачлан “Гоо зүйн боловсрол ба орчин үе” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг өнгөрөгч Баасан гарагт ШУТИС-тай хамтран анх удаа амжилттай зохион явууллаа.
Хуралд УИХ-ын гишүүн Лу.Болд хүрэлцэн ирж Гоо зүйн шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан аав Лувсанвандангийнхаа талаар дурсамж яриа дэлгэснээс гадна “Лувсанвандан сан”-гийн гүйцэтгэх захирал, Төрийн шагналт Б.Цэнддоо хүндэт зочноор уригдан оролцож, XX зууны сэхээтэн Сономын Лувсанвандан “Жимээс замд” есөн боть номыг МУИС-ийн Философийн тэнхимийн багш, философийн ухааны доктор, дэд профессор Б.Дэлгэрмаа болон ШУТИС-ийн хүмүүнлэгийн ухааны салбарын эрхлэгч түүхийн ухааны доктор, профессор Н.Галиймаа нарт гардуулан өглөө.
Гоо зүйн боловсролын уламжлалт ба орчин үеийн асуудлууд, оюутан залуучуудын гоо зүйн соёл, төлөвшлийн тухай эрдэмтэн судлаач, багш нарын 40 гаруй илтгэл энэ үеэр тавигджээ. Үүнд:
МУГЖ Н.Батцэцэгийн “Хүүхэд залуучуудын гоо зүйн хүмүүжилд кино урлаг нөлөөлөх нь”, ХБК-ийн багш Р.Оюунбатын “Монгол ардын дуу хөгжмөөр гоо зүйн хүмүүжил олгох нь”, УИХ-ын гишүүн Лу.Болдын “Лувсанвандангийн гоо зүйн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр”, зэрэг олон сонирхолтой илтгэлүүд багтсан байна. Мөн философийн ухааны доктор Г.Лодой, Б.Дэлгэрмаа, Р.Дарьхүү, Д.Дорждагва тэргүүтэй МУИС-ийн эрдэмтэн багш нараас гадна ШУТИС, СУИС, ХБК, Зохиомж дээд сургуулийн багш судлаачид бүтээлээ сонордуулснаас үзэхэд өргөн цар хүрээтэй, томоохон арга хэмжээ болсныг илтгэж байна.
Энэ удаагийн Эрдэм шинжилгээний хурал нь оюутнуудад энэ салбарт тухайлсан сэдвээрх сүүлийн үеийн судалгаа, мэдээлэлтэй танилцаж, мэдлэгээ зузаатгах ховор завшаан болсон төдийгүй их дээд сургуулийн гоо зүйн хичээлийн багш нарын үйл ажиллагааг идэвхжүүлэх, хоорондын уялдаа холбоог тогтоон хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд түлхэц болсныг онцлох нь зүйтэй. Түүнчлэн дээрх 40 гаруй илтгэлийг эмхлэн ном бүтээхээр төлөвлөөд байгаа ажээ.