Өнөөдөр МУИС-д Мицубиши UFJ Сангийн Удирдах зөвлөлийн дарга ноён Ёшиаки Озава, Ерөнхий төлөөлөгч Наоки Хисада нар хүрэлцэн ирж сангийнхаа нэрэмжит тэтгэлгийг МУИС-ийн бакалаврын түвшний шилдэг 16 оюутанд жил бүр олгож байхаар болсныг мэдэгдэж, албан ёсны гэрээнд гарын үсэг мутарлалаа.
МУИС-ийг төлөөлж захирал Р.Бат-Эрдэнэ, Сургалт хариуцсан дэд захирал О.Мөнхбат, Сургалтын нэгдсэн албаны дарга Ч.Ундрам, Оюутан хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Энхжаргал, ГХХАХ-ийн ахлах мэргэжилтэн Ш.Мэндбаяр, мэргэжилтэн Ц.Уянга нар хүндэт төлөөлөгчдийн хүлээн авч уулзсан юм.
Мицубиши UFJ Сан нь уг тэтгэлгээрээ Монгол, Япон хоёр орны найрамдын харилцааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ оюутны сурах эрмзэлзэл, идэвхийг нэмэгдүүлэх, улмаар Монголын хүний нөөцийн хөгжилд дэжлэг үзүүлэх, шилдэг боловсон хүчин болж гарах үүд хаалгыг нь нээж өгөх чин хүсэл тээн ирснээ уулзалтын үеэр хэлсэн юм.
Тэтгэлэг 2015 оны 6 дугаар сард зарлагдах бөгөөд ирэх хичээлийн жилээс олгогдож эхэлнэ. Тэтгэлэг зарлагдсан мэдээлэл МУИС-ийн вэб сайт, олон нийтийн сүлжээн дэх хуудсууд болон бусад эх үүсвэрүүдээр хүрэх тул шаардагатай материалуудаа бүрдүүлэн өгч, шалгаруулалтад оролцох бүрэн эрх оюутан бүрт нээлттэй.