БНФУ-ын Франсуа Раблегийн нэрэмжит Турын их сургуулийн профессор, МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийн хүндэт доктор, монгол судлаач Изабелл Бианкийг Францын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хүндэт Легион”-ы одонгоор шагнажээ.
“Хүндэт легионы одон” нь Францын цэргийн бөгөөд иргэний хамгийн дээд шагнал юм. 1802 онд Наполеон Бонапарт анх бий болгож жирийн иргэд, цэргийн зүтгэлтнүүдэд энхийн болон дайны үед гаргасан гавьяаг нь үнэлэн олгож байхаар болжээ.
Өнөөдөр энэ одонг Францын Ерөнхийлөгчийн зарлигаар дотоодын болон гадаадын онцгой гавьяа байгуулсан иргэдэд олгодог бөгөөд Монгол судлаачдаас авч байгаа анхны хүн нь профессор Изабелл Бианки юм. Сүүлийн жилүүдэд тэрбээр монгол судлалын талаар дараах гурван ном хэвлүүлснээс гадна монгол соёл, ундаа, цагаан идээний талаар эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэн антропологич юм.
2012 Соёлын хил заагийн хүн судлал. Арматтан хэвлэлийн газар
2013 Монгол малчны аж төрөхүй ёс. Азийн цуврал, Арматтан хэвлэлийн газар
2013 Монгол соёлын долгион «Гадаадын иргэншил » цуврал, Турын ИС-ын хэвлэл
Сүүлд бичсэн Монгол соёлын долгион ном нь франц хэлээр бүтээл туурвидаг зохиолчдын холбооны 2013 оны шилдэг бүтээлийг хүртсэн байна.
Профессор Изабель Бианки Монгол судлалыг хөгжүүлэхэд зохих хувь нэмрээ оруулж буй эрдэмтэн бөгөөд МУИС-ийн профессор С.Дуламтай хамтран Монгол соёл, зан заншлыг дэлхий нийтэд таниулахад ихээхэн үүрэг гүйцэтгэж байна. Монгол цагаан идээ, тэр тусмаа монгол айраг, ундааны зүйлийг судалгааны эргэлтэд оруулж, шинэ залуу монгол судлаач эрдэмтдийг хөхүүлэн дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг эрдэмтэн билээ.