Монгол улсын их сургуулийн шилдэг залуу эрдэмтдийн диссертацийн ажлын чиглэл, гарсан үр дүнгийн талаар мэдээлэл солилцох, багш нар хамтран салбар дундын судалгааг хөгжүүлэх, одоо суралцаж буй докторант оюутнуудад сүүлийн үеийн судалгааны арга зүйн талаар мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор 2015 оны 4 дүгээр сарын 23-нд SPEAKER SERIES уулзалт ярилцлага болж анхны зочин илтгэгчээр доктор Г.Баярмагнай уригдан оролцлоо. Тэрбээр япон улсад хамгаалсан “The (q. k)-module structure of principal series and related Whittaker function on su (2,2)” сэдэвт математикийн ухааны докторын ажлаа танилцуулсан юм.
Зочин докторыг богино хугацаанд багтааж эрдмийн ажлаа танилцуулсны дараагаар түүний туршлага, ШУ-ны салбарт бүтээсэн шинэ мэдлэгийг хуваалцахаар хүрэлцэн ирсэн докторант оюутнууд, багш нар сонирхсон асуултдаа хариулт авлаа. Энэ үеэр тухайн сэдвээр ярилцахаар хязгаарлагдахгүй залуу эрдэмтдийн суралцсан сургууль, хөгжилтэй орнуудын боловсролын систем, давуу тал, хөгжлийн түлхүүр нь юу болох, МУИС-аа тэр жишигт хүргэхэд нэн түрүүнд бид юу хийх шаардлагатайг онцлон асууж, санаа бодлыг нь сонсохыг хүсч байлаа.
МУИС-д аль ч түвшний сургалтын хөтөлбөрт ороогүй ховор судалгааны бүтээлүүдтэй танилцах боломж буюу докторуудын түвшний ярилцлага лекцийг зохион байгуулж буй нь их сургуулиа Дэлхийн жишигт хүрсэн судалгааны их сургууль болох зорилгод хувь нэмэр оруулах залуу эрдэмтдийн индэр юм.
Анхны уулзалт ярилцлагад хэдийгээр цөөн хүн хүрэлцэн ирсэн ч, тун сонирхолтой болж өндөрлөсөөн.
Дараагийн зочин илтгэгчийн нэр, сэдэв, хугацааг тун удахгүй зарлах болно. Та бүхнийг өргөнөөр хамрагдаасай хэмээн хүсч байна.