Саяхан 2015 оны 9 дүгээр сарын 28 –нд Францын Ле Маннын (Le Mans) их сургууль, Монгол улсын их сургууль (МУИС) хоорондын хамтын ажиллагааны 2012 онд байгуулсан гэрээний дагуу сэндвич программаар ШУА-ийн Физик-технологийн хүрээлэн (ФТХ)-ийн эрдэм шинжилгээний ажилтан, МУИС-ийн докторант Э.Уянга “Structural and vibrational investigation of Pt supported niobium doped titanium dioxide (Nb0.1Ti0.9O2) catalyst for fuel cell” сэдвээр Францын талаас докторын зэрэг хамгаалах болзлыг хангалаа. Энэхүү хамгаалалт докторын зэрэг хамгаалах Европийн орнуудын жишгээр явагдаж Францын талаас Ле Манны Их сургуулийн проф. Ф.Даниель (Ph. Daniel), А.Жибауд (A.Gibaud), Mонгол талаас ШУ-ны Д-р проф. Д.Сангаа, ШУ-ны Д-р проф. О.Лхагва, МУИС-ийн физикийн тэнхимийн эрхлэгч Д-р., дэд проф. Н.Цогбадрах, Д-р дэд проф. Р. Галбадрах, Д-р дэд проф. Л.Энхтөр нар оролцсон хамтарсан баг шүүн хэлэлцлээ. Докторын зэрэг хамгаалахад Монгол улс дахь Францын Элчин сайдын яамны соёл, хамтын ажиллагааны зөвлөх Ж.Филтц (J. Filtz) ажиглагчаар оролцлоо.
Докторант Э.Уянгын эрдэм шинжилгээний ажил нь орчин үед эрчимтэй хөгжиж байгаа энергийн шинэ үүсгүүр болох түлшний элемент (fuel cell)-д хэрэглэгдэх шинэ материалыг гарган авах, түүний шинж чанар бүтцийг судлахад чиглэгджээ. Э.Уянга 2008 онд МУИС-ийн физикийн ангийг төгссөн, 2008 оноос хойш ФТХ-ийн Материал судлал, Нанотехнологийн салбарт ажиллахдаа Ле Мансын их сургууль, Тайваний Синхтроны судалгааны төв, ОХУ-ын Цөмийн шинжилгээний институтэд томилолтоор ажиллаж судалгааны ажлынхаа гол үр дүнгүүдийг гарган авчээ.