Монгол Улсын Их Сургууль Хаан банкны хөрөнгө оруулалтаар нийгмийн ухааны уншлагын танхимын үйлчилгээг чөлөөт сонголтын хэлбэрт шилжүүлэн оюутануудын сурах таатай орчинг бүрдүүлсэн номын санг бий болголоо.
Чөлөөт сонголттой нийгмийн ухааны уншлагын танхимын нээлтийн үйл ажиллагаанд МУИС-ийн удирдлагууд, оюутан, магистрант, доктрант, ХААН банкны төлөөлөгчид, БСШУЯ-ны мэргэжилтэн, нийтийн номын сан болон их дээд сургуулийн номын сангийн төлөөлөл урилгаар оролцож үг хэллээ.
Номын сан шинэчлэгдсэнээр уншигч оюутан бүр өөрийн сургалт судалгааны ажилд хэрэгцээтэй номоо тавиур дээрээс нь сонгон үзэх, номын санчийн ажлын ачаалал, уншигчдын ном авахаар дугаарлан зогсох хугацаа багасч байгаа төдөөгүй чөлөөт сонголттой болсон нь оюутанд уншиж, танин мэдэх таатай орчин бий болж байгаа давуу талтай юм.
Уншлагын танхимд хүмүүнлэгийн шинжлэх ухааны /социологи, түүх, эдийн засаг, соёл урлаг, хэл шинжлэл, утга зохиол, гүн ухаан, сэтгэл судлалын/ чиглэлийн орос, монгол хэл дээрх 60000 орчим номын фондтой, 250 уншигчийн суудалтайгаар уламжлалт ойрын фондын бүтэцтэйгээр жилд дунджаар 110,000 гаруй уншигчдад үйлчилгээ үзүүлдэг.
МУИС-ийн номын сан чөлөөт сонголтыг үйлчилгээндээ нэвтрүүлж, сургалт судалгааны нээлттэй орчинг бүрдүүлэн, хүссэн ном, хэвлэлээ сонгон унших боломжийг бүрдүүлж өгсөнд уншигч оюутнууд сургуулийн удирдлага болон номын сангийн хамт олонд талархснаа илэрхийлж, ажлын амжилт хүслээ.