МУИС-д философийн салбар байгуулагдсаны 50 жилийн ой энэ 10 дугаар сард тохиож байна. Философи, шашин судлалын тэнхмээс ойд зориулан Монголын соёл судлаач багш нарын үндэсний семинар, Монгол дахь ёс суртахууны боловсролын тулгамдсан асуудал, Гоо зүйн боловсрол ба орчин үе сэдэвт эрдэм шинжилгээний хурал, Оюутны эрдэм шинжилгээний хурал, философийн олимпиадыг өнгөрсөн хавар зохион байгуулсан билээ. Мөн салбарын төгсөгчдийн сайн дурын идэвх санаачлагад үндэслэн ажил хэргийн болон нөхөрсөг сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх, МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхмийн сургалт, судалгааны үйл ажиллагааг дэмжих, сурталчлах, философийн мэдлэгийг олон нийтэд сурталчлан, түгээн дэлгэрүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулах зорилготой “Философийн салбар төгсөгчдийн холбоо”-г байгуулан ажиллаж эхлээд байна.
Философийн салбарын 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2015 оны 10 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд “ФИЛОСОФИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА: ӨЧИГДӨР, ӨНӨӨДӨР” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулна. Мөн философийн салбарын оюутан, төгсөгч, багш нарын дунд спорт, урлагийн уралдаан тэмцээн зохион явуулна.
МУИС-ийн философийн салбарын оюутан, төгсөгч, тэнхимд ажиллаж байсан багш, ажилтан, тус тэнхимтэй ажил хэргийн холбоотой сургууль, тэнхим, хүрээлэн, байгуулагуудад МУИС-ийн философийн салбарын 50 жилийн ойн баярын мэнд хүргэж, эрдэм мэдлэгийн үр шим улам арвин байхыг билэгдэн ерөөе.
МУИС-ийн философи, шашин судлалын тэнхим