Газарзүйн зургийн II тэмцээн амжилттай зохион байгуулагдаж МУИС-ийн баг тэргүүлжээ

Share Button

Нийслэлийн ЕБС-ийн сурагчид болон газарзүйн гүнзгийрүүлсэн сургалттай дунд сургуулиудын сурагчдын дунд газрын зургийн мэдлэгийг сорих, сайжруулах, олимпиадын бэлтгэлийг хангах, элсэлтийн шалгалтанд амжилттай оролцуулах зорилгоор МУИС-ийн ШУС-ийн Байгалийн ухааны салбарын Газарзүйн тэнхим болон МУИС-ийн “Байгаль-эх лицей” ахлах сургууль хамтран Газарзүйн зургийг хэн сайн мэдэх вэ? Танин мэдэхүйн уралдаант анхдугаар тэмцээнийг 2015 оны 3-р сарын 5-нд амжилттай зохион байгуулж байсан бол 2015 оны 10-р сарын 7-нд Газарзүйн зургийг хэн сайн мэдэх вэ? Танин мэдэхүйн уралдаант II тэмцээн амжилттай болов. Уг тэмцээнийг газарзүйн мэргэжлийн багш Г.Энхжаргал, Н.Одхүү, Н.Нямдаваа, Э.Алтанболд болон ШУС-ийн газарзүйн тэнхмийн Газарзүй-Байгаль шинжлэлийн 4-р ангийн оюутнууд амжилттай зохион байгуулсан билээ.

1 (1)

Эхний байрт шалгарсан  МУИС-ийн “Байгаль-эх лицей” ахлах сургуулийн сурагчид, зохион байгуулагчдын хамт

Тэмцээн багийн төрлөөр зохиогдсон бөгөөд  нэг  баг 3 гишүүнтэйгээр оролцлоо. Нийтдээ МУИС-ийн “Байгаль-эх” ахлах сургууль, МУБИС-ийн лицей, Дархан уул аймгийн “ОИЦ” бүрэн дунд сургууль, Улаанбаатар сургууль, Сүхбаатар дүүргийн лаборатори-1 сургууль, Сонгинохайрхан дүүргийн 1-р сургууль, Сант сургууль, Оргил сургууль, Үй-цай ахлах сургууль, нийслэлийн 84-р сургууль, 38-р сургуулийн 33 багийн 99 сурагч эрдэм мэдлэгээ сорин өрсөлдлөө.

Тэмцээн 2 үе шаттай явагдаж эхний шатанд тэнцсэн 12 багийг 2-р шатанд  өрсөлдүүлж 1-4 байр эзлүүлж медаль, дурсамж, дурсгалын зүйлээр шагналаа.

Тэргүүн байрт МУИС-ийн “Байгаль-эх” ахлах сургуулийн сурагч А.Сэдэд, Г.Дэлгэржаргал, Э.Болороо (Тус тэмцээнд хоёрдахь удаагаа түрүүлэв), Дэд байрт Сүхбаатар дүүргийн лаборатори-1 сургуул М.Мөнхтүшиг, Б.Төгс-Эрдэнэ, А.Өлзийтогтох нар шалгарсан бол гутгаар байрт Сант сургуулийн Г.Мөнгөнзаяа, Г.Бадар-Ууган, Б.Жавхлан (Тус тэмцээнээс хошой хүрэл медалиа авсан) нар бусдыгаа манлайлав. Харин тусгай байрт Сүхбаатар дүүргийн лаборатори-1 сургуулийн сурагчид шалгарчээ.

Тэмцээний цар хүрээ өмнөх тэмцээнээс өргөн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд оролцоггчид, ЕБС-ийн багш нар энэхүү тэмцээнийг уламжлалт хэлбэрээр зохион байгуулах нь зүйтэй гэсэн хүсэлтийг удаа дараа илэрхийлж байсан нь тэмцээний нэр хүндийг цаашид улам өсгөх боломжийг нээж өгч байна.

2

Шагналт байранд шалгарсан сурагчид

3

Тэмцээний үеэр

4

Тус тэмцээнийг хамгийн холоос зорин ирж оролцсон Дархан-Уул аймгийн “ОИЦ” сургуулийн баг, тус тэмцээнд Дарханаас 2 баг оролцсон.

Тэмцээний асуулт даалгаврыг үзэхийг хүсвэл enh_altan@yahoo.com  хаягаар захиа бичээрэй.