Монгол Улс, Австралийн Холбооны улс хоорондын гадаад харилцаа, хамтын ажиллагаа, Азийн хэл, соёл, судалгааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсныг үнэлэн Австралийн Холбооны улсын Ерөнхий сайд асан Кевин Майкл Раддийг МУИС-ийн удирдлагууд хүлээн авч уулзаж МУИС-ийн “Хүндэт доктор” цолыг гардуулан өглөө.
Kevin Michael Rudd – Австралийн ерөнхий сайд асан (26 дахь ерөнхий сайдаар 2007-2010 онуудад ажиллаж 2013 онд 2 дахиа сонгогджээ)
Товч намтар
- 1957 оны 09 дүгээр сарын 21-нд Queensland- д төрсөн
- Австралийн Үндэсний Их Сургуулийг Ази судлалын чиглэлээр бакалаврын зэргээ “онц” ( first class honors) үнэлгээтэйгээр дүүргэсэн. Хятад хэл, түүхийн чиглэлээр мэргэшсэн.
- 2006 онд Хөдөлмөрийн намын тэргүүнээр сонгогдсон (багадаа аавыгаа алдсан бөгөөд гэр бүл нь хөдөө аж ахуй эрхэлдэг байсан тул хүүхэд насандаа хүнд хэцүү үеийг туулж өнгөрүүлсэн нь хожим хөдөлмөрийн намын тэргүүнээр сонгогдоход нөлөөлсөн гэж үздэг ажээ)
- 1981-1988 онуудад Гадаад хэргийн яаманд ажиллаж байсан. Дипломатч, Бээжин, Стокольмд томилогдон ажиллаж байсан.
- 1988 оноос Австралидаа буцаж ирэн нам, сонгуульт ажилд томилогдон Queensland-ийн төр захиргааны байгууллагуудад ажиллаж ирсэн.
- 2007 онд ерөнхий сайдаар ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн харилцаа (industrial relations), Иракийн дайн, цаг агаарын өөрчлөлт, Австралийн холбоотны үзэл (Australian federalism) гэсэн салбаруудад онцгой анхаарал хандуулж ажилласан. Тэрээр ерөнхий сайдаар ажиллаж байхдаа олон тооны өөрчлөлт хийсний нэг нь сургуулиудад гадаад хэл заах үндэсний хөтөлбөр юм. Азийн хэл болон соёлыг заах хөтөлбөрийг хэрэгжүүлэх тал дээр шаргуу ажилласаны үр дүнд Австралийн Засгийн газрын зөвлөл энэхүү хөтөлбөрийг баталсан. 2050 оноос өмнө хорт утааг 60 хувиар багасгах санал гаргаж байсан. 2007 оны 12 сарын 3-нд Киото протоколд гарын үсэг зурах санаачлага гарган хэрэгжүүлсэн. Уугуул австралчуудын боловсрол, эрүүл мэнд, амьдрах орчин, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмжих талаар засгийн газарт санал болгосон.