Монгол Улсын Их Сургууль БНСУ-ын Шилла их сургуультай Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Share Button

Монгол Улсын Их Сургууль БНСУ-ын Шилла их сургуультай Хамтын ажиллагааны санамж бичиг 2015 оны 11 дүгээр сар 11-нд байгууллаа. Уг санамж бичгийн хүрээнд хоёр сургуулийн хооронд эрдмийн солилцоо явуулах, МУИС-ийн оюутан, судлаачдад тэтгэлэг олгох, багш, оюутан солилцох, боломжтой салбаруудад хамтарсан судалгаа явуулах, богино хугацааны тусгай хөтөлбөрүүд хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

Шилла их сургууль нь 1954 онд байгуулагдсан ба Солонгосын Пусан хотноо эртний түүх, соёлоороо алдартай хэсэгт байрладаг. Анх Боловсролын коллеж нэртэйгээр байгуулагдсан тус сургууль нь эдүгээ 9 коллежтой, 4 магистр, докторын 50 мэргэжлээр сургалт явуулдаг сургууль болон өргөжсөн. 25 орны 110 гадаадын их дээд сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг бөгөөд 47 орны 600 орчим гадаад оюутан суралцдаг.

Тус сургууль нь МУИС-ийн ХШУИС-ийн сэргээгдэх эрчим хүчний тэнхимтэй Зүүн хойд Азийн супер сүлжээ санаачлагын хүрээнд хамтран ажилладаг бөгөөд 2017 онд энэхүү санаачлагын хүрээнд БНСУ-ын засгийн газрын санхүүжилтээр жишиг төсөл хэрэгжүүлэх зорилготой байгаа юм. Азийн супер сүлжээний санаачлага нь сүүлийн үед Монгол улс төдийгүй ОХУ, БНХАУ, БНСУ, Япон зэрэг орнуудын дунд эрчимтэй яригдаж буй том төсөл бөгөөд Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар уг төсөлд МУИС болон Шилла их сургууль хамтран оролцох боломжтой.

2015 оны 09 дүгээр сард Азийн хөгжлийн банк болон Монгол улсын эрчим хүчний яам Азийн супер сүлжээний санаачлагын хүрээнд судалгааны ажил хэрэгжүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан билээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар