Илтгэлийн уралдаанд оюутан Н.Анхбаяр түрүүллээ

Share Button

Өнөөдөр Монголын хүүхдийн уран зохиолд хамгийн их дутагдаж байгаа зүйл бол шүүмж судлал юм. Үүнийг гярхайгаар ажиглаж харсан МУИС-ийн ШУС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн хүүхдийн уран зохиолын багш Д.Батжаргалын санаачилгаар их зохиолч  Д.Нацагдоржийн мэндэлсний 109 жилийг тохиолдуулан 2015.11.17-нд “XXI зууны хүүхдийн уран зохиол” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурлыг Хүүхдийн төв номын санд амжилттай зохион байгууллаа.

Тус хуралд МУИС, МУБИС, СУИС, “Чингис хаан” дээд сургууль, “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуулийн 21 оюутан өөрийн илтгэлээ танилцуулж, шүүгчээр МУИС-ийн доктор /Sc. D/профессор Д.Галбаатар , МУБИС-ийн доктор /Sc D/, профессор Д.Оюунбадрах, Хүүхдийн уран бүтээлчдийн “Эвт үзэг” төвийн ТУЗ-ийн дарга, хэлбичгийн ухааны доктор Б.Нацагдорж нар ажилласан байна.

МУИС-ийн Утга зохиолын судлалын IV курсийн оюутан Н.Анхбаяр /удирдагч багш Д.Батжаргал/ “Хүүхдийн зохиолч Н.Энхтайваны уран бүтээлийг задлан шинжлэх нь” илтгэлээрээ тэргүүн байр эзэлж, МУБИС-ийн оюутан Б.Баасантуяа /удирдагч багш Б.Нанжид/ “12 жилийн магтаалын хувилбарууд, түүний харьцуулал”, МУИС-ийн Утга зохиолын ажилтны III курсийн оюутан Б.Мөнхцэцэг  /удирдагч багш Б.Хишигсүх/ “2010-2015 оны хүүхдийн комик сэтгүүлийн чанар, хэл найруулга”, “Гурван эрдэнэ” багшийн дээд сургуулийн оюутан Э.Баттөмөр /удирдагч багш Г.Даваажаргал/  “Орчин үеийн үлгэрийн онцлог” (О.Сундуй “Хүүхэлдэйн чинээ ээж” үлгэрийн жишээн дээр) илтгэлүүдээрээ дараах байруудыг эзэлж өргөмжлөл, мөнгөн шагнал,  нэрт судлаач С.Лувсанвандангийн “Бүтээлийн чуулган” 12 боть, Японы зохиолч Акүтагава Рюүнсүкэгийн “Бурхдын инээмсэглэл” номын эзэд болсон юм.

Шүүгчид шийдвэрээ гаргах хооронд хүүхдийн зохиолчид сэтгэгдлээ хуваалцаж, энэ хурал өмнөх жилүүдээсээ илүү өргөн  хүрээг хамарч оюутнуудын илтгэх чадвар ахисан байна хэмээн олзуурхаж, МЗЭ-ийн Хүүхдийн зохиолын Үндэсний төвийн тэргүүн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч О.Сундуй “Бидний уран бүтээлийн зогсонги байдлыг зөв зүйтэй шүүмжилж, шинээр бодох сэтгэхэд “тэсрэлт хийсэн” хурал боллоо” гэж дүгнэсэн юм.

IMG_2169 IMG_2196 IMG_2207

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар